БОЛОВСРОЛЫН САЙД ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

A- A A+

 

Боловсролын сайд П.Наранбаяр Дорноговь аймгийн Насан туршийн боловсролын төв болон АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.

Насан туршийн боловсролын төвийн захирал Н.Насанжаргал “Манай төв гоо зүй, амьдрах ухаан, үндэсний бичиг, мэдээллийн технологийн гэсэн дөрвөн орон тооны багштай ч гэр бүлийн боловсрол, амьдрах ухаан, санхүүгийн боловсрол, хувь хүний хөгжил, ёс зүйн төлөвшил, иргэний боловсрол гээд арваад чиглэлээр мэргэжлийн хүмүүсийг урьж оролцуулан хичээл заалгадаг. Өнгөрсөн онд манай сургалтуудад нийт 34 мянга гаруй иргэн хамрагдсан байна” гэсэн юм.

Мөн тус төвөөс эртэч дадлыг хэвшүүлэх зорилготой хэрэгжүүлж байгаа ээлжит ажлуудын нэг болох “Эртэч дадал- амттай ирээдүй” аяны хүрээнд зохион байгуулж байгаа “Эртэч” уулзалтанд Боловсролын сайд Сайншанд сумын ерөнхий боловсролын 1-р сургуулийн М.Даринчулуун багштай 9В ангийн 29 сурагчтай оролцож, чөлөөтэй ярилцлаа.

Боловсролын сайдаар ахлуулсан баг АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийн шинэ цогцолбор барилгын үйл явцтай танилцаж, багш оюутануудтай уулзсан юм.

Тус салбар сургуульд Засгийн Газрын тогтоолоор бакалавраар суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрийн 50%-ийн хөнгөлөлт нь энэ хичээлийн жилээс эхлэн олгогдож эхэлжээ.

Говийн болон зүүн бүсийн аймгуудын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн 85-аас 95%-ийг хангадаг юм байна.

Сургуулийн шинэ цогцолбор барилгын нийт төсөвт өртөг 25.1 тэрбум төгрөг агаад 2024 онд 7,5 тэрбум төгрөг шийдвэрлэгджээ.

Цогцолбор нь 600 оюутны 5 давхар хичээлийн байр, 250 оюутны номын сан 350 оюутны соёлын танхим, 300 оюутны дотуур байр, Спорт эко бүс гэсэн хэсгүүдээс бүрдэх ажээ.