БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ
НЭГ. НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР
Боловсролын сайдын 2025 оны 07 сарын 31-ны өдрийн "Журам батлах тухай” А/401 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар “Сургуулийн өмнөх боловсролын сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах журам”-ыг батлав.
ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
Боловсролын яам, Хүний эрхийн үндэсний комисс, Нэгдсэн үндэсний
байгууллага, Эмнести Интернешнил ТББ хамтран боловсролын бүх түвшиний тогтолцоо дахь хүний эрхийн боловсролын агуулгын матриц гаргах, зөвлөмж боловсруулах, Ази-Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, судалгааны төвийг байгуулах ажлыг эрчимжүүлэх, бүс нутгийн төлөөлөгчдийн саналыг тусгах зорилгоор "Хүний эрхийн боловсролын симпозиум 2025" олон улсын симпозиумыг 2025.07.02-нд зохион байгууллаа. Хүний эрхийн боловсролыг дэмжих энэхүү симпозиумд хууль зүйн салбарынхан төдийгүй боловсролын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын түншүүдийг хамарсан нээлттэй, ухаалаг хэлэлцүүлгийн талбар болж хүний эрхийн боловсролыг бүх түвшний боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрт хэрхэн үр дүнтэй тусгах талаар хэлэлцэв. Энэхүү арга хэмжээ нь НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай Тунхаглал болон Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрийн 5 дугаар үе шат (2025–2029)-ны хүрээнд, хүүхэд, залуучуудад чиглэсэн хүний эрхийн боловсролыг дэмжих зорилготой юм.
Боловсролын үндэсний зөвлөлийн хурлыг 2025 оны 07 дугаар сарын 29-ний
өдөр зохион байгууллаа. Хурлаар "Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр", "Бага боловсролын сургалтын хөтөлбөр"-ийн төслийг хэлэлцэн хөтөлбөрт үндэсний зөвлөлийн гишүүдийн санал, зөвлөмжийг тусган сайжруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 158 дугаар тогтоолоор 2026 оныг
"Боловсролыг дэмжих жил" болгон зарлаж, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах чиглэлээр төлөвлөгөө боловсруулж, танилцуулахыг Боловсролын сайдад даалгасан. Тус ажлын хүрээнд "ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ"-г боловсруулан Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлээд байна.
ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
Боловсролын салбарын 2024-2025 оны хичээлийн жилийн захиргааны
статистикийн мэдээлэл болон ҮСХ-ны 2024 оны жилийн эцсийн суурин хүн амын тоонд үндэслэн бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын 2025-2026 оны хичээлийн жилийн элсэлт, нийт суралцагчийн урьдчилсан төлөв байдлыг тооцоолон гаргаад байна. Элсэлт, суралцагчийн тоо, хамрагдалтын хувийг дараах бодлогын баримт бичигтэй уялдуулан тооцсон болно. Үүнд:
- “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн шалгуур үзүүлэлт;
- Боловсролын сайдын аймаг, нийслэлийн засаг даргатай 2025 онд хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн тоон болон чанарын шалгуур үзүүлэлт;
- Боловсролын сайдын 2025 оны А/340 дүгээр тушаалаар батлагдсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын элсэлтийн хяналтын тоо зэрэг болно.
ЕБС-ийн суралцагчийн тооцоололд ҮСХ-той хамтран сүүлийн 5 жилийн дунджаар /сум, дүүрэг, 1 насаар/ цэвэр шилжих хөдөлгөөн болон нас барах магадлалын нөлөөллийг тусгаснаараа онцлог болсон.
Нийт сургалтын байгууллагын тоог 2024-2025 оны хичээлийн жилийн намрын статистикийн тайлангаас хойш сургалт эрхлэх зөвшөөрөл авч, системийн эрх нээлгэх хүсэлт ирүүлсэн, эрх нээлгэсэн болон хасагдсан сургалтын байгууллагын мэдээлэлд үндэслэн тооцоолж, СӨБ, БДБ, ДБ, МБТБ-ын 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөгч, анги дэвшилт, дүн үнэлгээ, хүүхдийн оролцоо, хөгжил хамгааллын жилийн эцсийн мэдээг захиргааны 21, албан ёсны статистикийн 8 маягтаар нэгтгэн, хянаж боловсруулан мэдээний алдааг засуулж, эцэслэн ҮСХ-д хүргүүллээ.
Боловсролын ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Дээд боловсролын тухай хуулийн 6.1-д заасны дагуу дээд сургуулийг их сургууль эсвэл коллеж болгон шилжүүлэх үйл ажиллагааг 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар хуульчилсан. Энэхүү хугацаанд багтаан ангиллыг шинэчлэн тогтоох ажлыг зохион байгуулж, Засгийн газрын 2024 оны 253 дугаар тогтоолоор батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад тавих техникийн зохицуулалт”-ын хүрээнд ангиллыг тогтоосон ажлын хэсгийн дүгнэлт болон Боловсролын сайдын тушаалын хэрэгжилтийг хангах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч талаар их, дээд сургуулиудад албан мэдэгдэл хүргүүлээд байна.
Зөвшөөрлийн цахим системээр ирүүлсэн хүсэлтийн дагуу 19 Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын баримт бичигт магадлан шалгах ажиллагаа хийгдэж Боловсролын сайдын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/377-А/398, тушаалаар тусгай зөвшөөрлийг сунган, 3 мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад шинэ мэргэжлээр сургалт эрхлэх энгийн зөвшөөрлийг олгов.
Боловсролын сайд, Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын хамтарсан 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/44, А/530 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло загварын цамц нэмж оруулах талаар судалгаа хийх, MNS 6814:2019 “Сурагчийн дүрэмт хувцас, Техникийн шаардлага” стандартад өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах” ажлыг зохион байгуулсан.
Үүний үр дүнд “Поло цамц”-ыг дүрэмт хувцасны нэр төрөлд нэмэх, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсэхээс урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэлийн бэлтгэл ажлыг хангах үүднээс дараах сонголттойгоор суралцагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд оруулан хэрэглэх, MNS 6814:2019 “Сурагчийн дүрэмт хувцас. Техникийн шаардлага” стандартад холбогдох өөрчлөлт оруулан батлуулах тухай саналыг Стандарт хэмжих зүйн газарт хүргүүллээ. Үүнд:
- 2025-2026 оны хичээлийн жилээс бага ангид сонголттойгоор,
- 2026-2027 оны хичээлийн жилээс дунд ангид сонголтойгоор,
- 2027-2028 оны хичээлийн жилд ахлах ангид сонголттойгоор зэрэг болно.
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хуулийг үндэслэн Боловсролын сайдын 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн "Жагсаалт шинэчлэн батлах тухай" А/402 дугаар тушаалаар Боловсролын салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийн хуваарилалт, хэрэгжүүлэгч байгууллагын жагсаалтыг шинэчлэн баталлаа.
Боловсролын яам, “Дижитал кредит” ХХК-ийн хооронд байгуулсан ЦБГ-2025-058 тоот “Боловсролын зээлийн сангийн сонгон шалгаруулалтын системийг хөгжүүлэх ажил гүйцэтгэх гэрээ”-ний гүйцэтгэл https://scholarship.elf.gov.mn-ийг хүлээн авлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 176 дугаар тогтоолоор батлагдсан “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-ын хүрээнд боловсруулсан “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг 2025 оны 07 сарын 28-ны өдөр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал удирдан явуулж, судлаач эрдэмтэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл, цэцэрлэгийн багш, ажилтан зэрэг нийт жар гаруй хүн оролцож, хөтөлбөрийн төсөлтэй танилцан, асуулт асууж, санал, зөвлөмж өглөө.
Мөн 2025 оны 07 сарын 29-ны өдөр Боловсролын үндэсний зөвлөлийн хурлаар "Сургуулийн өмнөх боловсрол сургалтын хөтөлбөр”-ийг төрийн болон төрийн бус өмчийн байгууллага, их дээд сургууль, сурагч, оюутны төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, судлаачдын төлөөлөлд хэлэлцүүлэн тус хөтөлбөрийг батлахаар дэмжигдсэн бөгөөд Боловсролын сайдын 2025 оны 08 сарын 01-ний өдрийн А/404 дугаар тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг батлуулан сургалт, түгээн дэлгэрүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Сургуулийн өмнөх боловсролын шинэ хөтөлбөрийг 2025-2026 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэх бөгөөд бэлтгэл хангах хүрээнд 2025 оны 08 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд “Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинэчлэл” сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад 21 аймаг, 9 дүүргээс нийт 450 мэргэжилтэн, удирдах ажилтан, арга зүйчид оролцож сургагч багшаар бэлтгэгдлээ.
Сургалт бүтээлч байдал, хамтын оролцоонд суурилсан, дадлага ажил голлосон арга зүйгээр явагдсан ба дараах агуулга сэдвээр оролцогчид нэгдсэн нэг ойлголттой болж цаашид сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэх юм. Сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн танилцуулга, үндсэн ойлголтууд Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх багшлахуй ба суралцахуй Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх орчин ба хэрэглэгдэхүүн Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй Хүүхдийн хөгжлийн үнэлгээ Эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо Энэхүү бэлтгэгдсэн сургагч багш нар цаашид орон нутагтаа хөтөлбөрийг хэрэгжүүлэх баг болж ажиллах бөгөөд дараагийн сургалтыг бүсийн хэмжээнд 2025 оны 08 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд аймаг орон нутагт, 08 дугаар сарын 20, 21, 22-ны өдрүүдэд нийслэлд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тус сургалтаар “Сургагч багш” нар сургалтын хөтөлбөрийг орон нутаг, нийслэлийн 1407 цэцэрлэгийн 3283 багш, удирдах ажилтанд түгээн дэлгэрүүлж, дэмжлэг үзүүлэн ажиллах юм.
ГУРАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
Боловсролын сайдын багц 2025 оны 07 сард улсын төсвөөс 2,523,373,180.4
мянган төгрөгийн санхүүжилт авахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 2,501,701,469.4 мянган төгрөгийн санхүүжилт авсан ба нийт төсвийн 99%-ийг санхүүжүүлсэн байна.
Нийт урсгал зардал 2,366,197,286.3 мянган төгрөг батлагдсанаас 2,281,877,611.9 мянган төгрөг буюу 96% -ийн гүйцэтгэлтэй байна.
Мөн Боловсролын яамны төрийн сангийн нэгж нь 2025 оны 07 дугаар сард салбарын байгууллагуудын батлагдсан төсвийн хуваарийн дагуу олгосон санхүүжилт, зарцуулалтын эрхийн хүрээнд тухайн байгууллагын төлбөрийн шилжүүлгийн баримт, хяналтын хуудас, анхан шатны баримтуудын эх хувийг үндэслэн гүйлгээг хянан хүлээн авч11,618 ширхэг төлбөрийн баримтаар 51.1 тэрбум төгрөгийн төлбөр тооцоог хийсэн байна.
ДӨРӨВ. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД
Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөс 19 иргэний өргөдөл, гомдлыг хуваарилж, шилжүүлсэн байна. Үүнээс 12 өргөдлийг шийдвэрлэж, 7 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. 11-11 төвтэй тогтмол хамтран ажиллаж, тус төвөөс илгээсэн иргэдийг биечлэн хүлээн авч уулзаж, зөвлөгөө, мэдээллээр ханган ажилласан.
Байгууллага, иргэдээс яаманд хандаж 412 хариутай албан бичиг, 125 шууд бичиг, өргөдөл гомдол-116, нийт 653 албан бичиг ирүүлсэн байна. Үүнээс 353 хариутай албан бичиг, 78 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байна. Мөн 59 албан бичиг, 38 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. Яамнаас байгууллага, иргэдэд хандаж 361 албан бичиг хүргүүлэн ажиллалаа.
__________о0о___________