Монгол, Куба хоёр улсын уламжлалт найрамдал, хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилд бакалаврын түвшний оюутан элсүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэлийг зарлалаа.
- Суралцах чиглэл, шалгаруулах суралцагчийн тоо
Ерөнхий анагаах ухааны чиглэлээр бакалаврын хөтөлбөрт нийт 4 иргэн шалгаруулна. (нүүр ам судлалын хөтөлбөр биш болно)
- Тэтгэлгийн давуу тал
- Их сургуулийн сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө. (Улс хоорондын нислэгийн тийз, оюутны амралт болон бусад шалтгаанаар ирэх очих зардлыг тухайн оюутан өөрөө хариуцна)
- Тэнцсэн иргэд Монгол Улсын Боловсролын сайдын тушаалаар Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулж, амьжиргааны зардалд сар бүр 220 ам.доллароор тооцон, улирал тутам олгоно.
- Үндсэн хичээл эхлэхээс өмнө испани хэлний бэлтгэл хөтөлбөрт хамрагдана.
- Тавигдах шаардлага
- Монгол Улсын иргэн байх;
- 16-25 хүртэлх настай байх;
- Бүрэн дунд боловсрол эзэмшсэн, эсхүл 12 дугаар ангийн суралцагч байх;
- ХДХВ/ДОХ-ын шинжилгээний хариу сөрөг байх, эрүүл мэндийн хувьд тасралтгүй суралцах боломжтой байх;
- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Испани хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
- Бүртгэл, хугацаа
Тэтгэлгийн материалыг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 4 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд scholarship.esis.edu.mn хаягаар хүлээн авна.
- Бүрдүүлэх баримт бичиг (Испани хэлээрх орчуулгын хамт)
- Цахим өргөдөл;
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар (2025-2026 оны хичээлийн жилд ЕБС-ийн 12 дугаар ангид суралцаж буй тохиолдолд сургуулийн тодорхойлолт авна);
- 11, 12 дугаар ангийн сурлагын дүн (ЕБС-ийн 12 дугаар ангид суралцаж буй сурагчид хамаарна);
- Их сургуулийн 1, 2 дугаар дамжааны дүнгийн хуулбар (их сургуулийн 1, 2 дугаар дамжааны оюутанд хамаарна);
- Эрүүл мэндийн магадалгаа (ХДХВ/ДОХ-ын шинжилгээний хариу хавсаргасан);
- Англи эсвэл испани хэлний олон улсын шалгалтын хүчинтэй сертификат (IELTS, TOEFL, Duolingo, DELE, SIELE гэх мэт);
- Суралцах хүслийг илэрхийлсэн 200-300 үгтэй эсээ;
- Иргэний үнэмлэхийн хуулбар (E-Mongolia);
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia).
Анхаарах зүйлс:
- Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товч дарж баталгаажуулахыг анхаарна уу.
- Бүртгэл дуусах хугацаа дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул аль болох эрт бүртгүүлэхийг зөвлөж байна.
- Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09:00-17:00 цагийн хооронд Боловсролын мэдээллийн технологийн төвийн 75772727 дугаарт, тэтгэлэгтэй холбоотой асуултыг Боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн 51-262916 дугаарт холбогдон лавлана уу.
- Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү. Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
