БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 8 ДУГААР САРЫН МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 8 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

  1. БШУ-ны сайдын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Сургалтын төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай” А/37 дугаар тушаалаар тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүд сурдаг ерөнхий боловсролын  сургуулийн сургалтын төлөвлөгөөг шинэчлэн баталсан. Тус тушаал нь “Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн бага, дунд ангийн сургалтын төлөвлөгөө”, “Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн ахлах ангийн сургалтын төлөвлөгөө”, “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн сургалтын төлөвлөгөө”, “Харааны бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн сургалтын төлөвлөгөө” гэсэн дөрвөн хавсралтаас бүрдэнэ.
  2. БШУ-ны сайдын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэгт хамруулах тухай” А/41 дүгээр тушаалыг батлан гаргалаа. Тушаалаар тархины саа өвчний улмаас байнгын асаргаа шаардлагатай болон ердийн, тусгай ерөнхий боловсролын сургуульд хамрагдах боломжгүй, тус цэцэрлэгт хамрагдаж байсан, 6-11 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг анги танхимын нөөц, багшлах хүний нөөцийн боломжид тулгуурлан цэцэрлэгт хамруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах, тэдний эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулан ажиллахыг Сувиллын ясли, цэцэрлэгийн 10 дугаар цогцолборт хариуцуулахаар шийдвэрлэлээ.
  3. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор  БСШУС-ын сайдын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/280 дугаар тушаалаар “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам”-ыг баталсан. Тус журмыг Боловсролын үнэлгээний төв, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, аймаг нийслэлийн Боловсролын газруудад хүргүүлж, хэрэгжилтийг хангуулах /https://www.legalinfo.mn/law/details/15515?lawid=15515 /- аар албан бичгээр хүргүүлэв. Хүүхдийн хөгжил, сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээний зорилго нь хүүхэд бүрийн хөгжилд тохирсон дэмжлэг үзүүлэх, эцэг эх, асран хамгаалагч болон мэргэжлийн байгууллагыг мэдээллээр хангах, сургалтын чанар, үр дүнг сайжруулах, цэцэрлэг, сургуулийн залгамж холбоог хангахад оршино.
  4. “Сургуулийн өмнөх боловсролын сургалтад баримтлах чиглэл”-ийн төслийг боловсруулж байна. Энэхүү чиглэлийг өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн үндсэн болон хувилбарт сургалт, үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулахад  баримтална. Чиглэлд цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааны i) зорилго, зорилтыг тодорхойлох, төлөвлөх, зохион байгуулах, үнэлэх-суралцах үйлийг дэмжих, сайжруулах, ii) сургалт, үйл ажиллагааны хэвийн байдал, хүүхдийн эрхийг хангах, iii) хүүхдэд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх, iv) багшийн мэргэжлийн хөгжлийг хангах, vi) эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо, хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хамарч байгаа юм.
  5. БШУ-ны сайдын 2020 оны “Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлүүлэх, бэлтгэл хангах, зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” А/17 дугаар тушаалын 2.4 дэх заалтад “Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас хичээлийн жилд бэлтгэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийг тэдэнд санхүүгийн дарамт үүсгэхгүйгээр авах зохицуулалт хийх” тухай зааж өгсөн. Тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх 2020-2021 оны хичээлийн жилийн эхний гурван сард хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтыг батлахдаа Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/266 дугаар тушаалаар батлагдсан жагсаалтын дагуу эхний 3 сард хэрэглэгдэх хэмжээгээр тооцсон болно.
  6. “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль”-ийн 10.4.2, 11.1.1 дэх заалтыг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд БСШУС-ын байнгын хорооны 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжигдээд байна. 
  7. БШУ-ны сайдын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/23 дугаар тушаалаар “Боловсрол, шинжлэх ухааны салбарын албан хаагчид шагнал олгох журам”-ыг шинэчлэн баталж, тушаалыг аймаг, нийслэлийн Боловсролын газрууд, их дээд сургуулиудын консорциумд холбогдох чиглэлийн хамт хүргүүлэн,  хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Журмыг Боловсрол, шинжлэх ухааны яамны цахим хуудас /https://www.meds.gov.mn/?p=4489/-д  байршуулав. 

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

  1. Засгийн газрын 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 78, 149, А/164, А/14, А/391 дугаар хамтарсан тушаалыг батлуулах ажлыг зохион байгуулж ажиллалаа. Энэхүү тушаалаар бүх шатны боловсрол, сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг үе шаттайгаар эхлүүлэхтэй холбогдуулан авах арга хэмжээг тодорхойлж, хэрэгжилтийг ханган ажиллахыг холбогдох яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг нарт үүрэг болгосон.
  2. Улсын Онцгой комиссын “Хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын төслийг эцэслэн боловсруулж 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр УОК-ын дарга, шадар сайд Я.Содбаатараар батлуулав. Албан даалгавраар бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэлийг хангах, корона вирусийн  халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, халдвар хамгааллын дэглэм баримтлах асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга нарт тус тус үүрэг даалгавар өгсөн болно.
  3. Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн жилийг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэх Засгийн газрын 2020 оны 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлүүлэх бэлтгэл хангах, зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/17 дугаар тушаалыг батлан гаргалаа. Энэхүү тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахад мөрдөх түр журам”-ыг баталсан. Түр журмаар онцгой нөхцөл байдалд хичээллэх үеийн сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, хүний нөөц, анги танхимын бэлэн байдал, цэвэрлэгээ халдваргүйжүүлэлт хийх, эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм баримтлах, эрсдэлээс сэргийлэхэд талуудын үүрэг, оролцоо зэрэг асуудлын зохицуулалтыг нарийвчлан тогтоож өгсөн.
  4. Боловсролын тухай хуулийн 31.1.12 дахь заалтын хэрэгжилтийг эрх зүйн зөрчилгүй хангах зорилгоор БШУ-ны сайдын 2020 оны Б/03 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтны албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтыг батлан гаргалаа.
  5. Улсын Их хурлын Инноваци, цахим бодлогын байнгын хороо, БШУ-ны яам хамтран 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрийн ордонд зохион байгуулсан “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлэгт яамны зүгээс тухайн сэдвийн хүрээнд хийж буй ажил, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээллийг өглөө.  
  6. “Түр журам батлах тухай” БШУ-ны сайдын 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/21 дүгээр тушаалаар “Их, дээд сургууль, коллежийн хичээл сургалтын үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-ийг баталлаа. Түр журмаар 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах, хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимын болон танхимын бус/цахим хичээл/ хосолсон хэлбэрээр зохион байгуулахад батлагдсан түр журмыг мөрдөж ажиллахыг нийт их, дээд сургууль, коллежийн сургуулийн захирал нарт үүрэг болгож ажиллалаа.
  7. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Япон Улсад амжилттай суралцсан анхны 51 төгсөгчид Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дипломыг 8 дугаар сарын 24-ний өдөр гардууллаа. Инженер технологийн чиглэлээр өндөр мэдлэг ур чадвартай мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх зорилготой тус хөтөлбөрт элссэн оюутнууд 2,5 жил Шинжлэх ухаан, технологийн их сургуульд дараагийн 2 жилд нь Япон Улсын Консорциумын 10 их сургуульд шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер гэсэн 3 мэргэжлээр суралцаж хос дипломтой төгсдөг онцлогтой. “1000 инженер” төсөл Бакалаврын хамтарсан хөтөлбөртөө нийт 320 оюутныг суралцуулахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 172 оюутан суралцаад байна.
  8. Нийгмийн даатгалын хөнгөлөлт чөлөөлөлтөд төрийн өмчийн их, дээд сургуулийн 102 нэгжээс 96 нэгж бүрэн хамрууллаа. Нийгмийн даатгалын хөнгөлөлтөд хамрагдаагүй 6 нэгжийн хүсэлтийг БШУ-ны яамнаас 2020 оны “Нийгмийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамруулах тухай” 2/661 албан тоотоор ХНХ-ын яам, НДЕГ-т хүргүүлэн ажиллалаа.
  9. Үндэсний статистикийн хороо, ХНХ-ын яам, БШУ-ны яамны хамтарсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн статистик мэдээлэл” хэлэлцүүлгийг 2020 оны 8 дугаар сарын 28-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн статистик тоо, мэдээллийг гаргахдаа оролцогч талууд хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.
  10. БШУ-ны яамны удирдлагууд УИХ-ын БСШУС-ын болон Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүдтэй хийх уулзалтыг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр МУИС-ийн номын сангийн хурлын зааланд амжилттай зохион байгуулав. Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2020-2024 онд баримтлах бодлого, чиглэл, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр шинэ сонгогдсон гишүүдэд болон байнгын хорооны бүх гишүүдэд мэдээлэл хийж санал солилцлоо.  
  11. Жил бүр ЮНЕСКО-гийн статистикийн институтэд хүргүүлдэг “Боловсролын салбарын 2019-2020 оны жилийн эцсийн статистикийн мэдээллийн тайлан”-г гаргаж, хүргүүлсэн.
  12. БШУ-ны сайдын “Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүн шинэчлэн батлах тухай” 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/13 дугаар тушаалаар Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэв. Тус ажлын хэсэг нь Боловсрол, шинжлэх ухааны салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэдэх Дотоод аудитын хорооны ажлын зохион байгуулалтыг ханган ажиллах юм.
  13. БШУ-ны сайдын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах, удирдамж батлах тухай ” А/16, 8 дугаар сарын 20-ны өдрийн А/29, 8 дугаар сарын 21-ны өдрийн А/30, 31 дүгээр тушаалаар “Монгол Оросын Русский лицей” ЕБС, Ерөнхий боловсролын 116 дугаар сургууль, Монгол улсын Консерватори сургууль болон Боловсролын зээлийн сангийн 2020 оны эхний хагас жилийн удирдлага, санхүүгийн үйл  ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийж үр дүнг Сайдад танилцуулав. Ажлын хэсгээс дээрх байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит  хийж, эрсдэлээс хамгаалах, илэрсэн зөрчлийн арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, байгууллагын хэвийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэн, зөвлөмж хүргүүлэн ажилласан.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

  1. Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга, мэргэжилтнүүдэд зориулан 2020 оны 8 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхэд анхаарах асуудал” сургалт-семинарыг зохион байгууллаа. Тус сургалт, семинарын зорилго нь 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах, цэцэрлэг, сургуулийн орчинд халдварт өвчнөөс сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, энэ чиглэлээр гарсан УОК, Засгийн газар, холбогдох сайд нарын баталсан тушаал, шийдвэр, дүрэм, журмыг танилцуулах, орон нутгийн онцлогт тулгуурлан бэлтгэл ажлын зохион байгуулалтыг хангаж ажиллах талаар чиглэл, зөвлөмж өгч ажиллалаа.  
  2. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарт 2020-2021 оны хичээлийн жилд дэвшүүлэх зорилго, зорилтыг батлан гаргалаа. 2020-2021 оны хичээлийн жилд Хүүхдийн сурах үйлийг дэмжиж сурлагын хоцрогдолгүй сургахад бүх талын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, тэдний хөгжил, төлөвшил, сурлагын амжилт, чанарт ахиц гаргах, багш мэргэжлээрээ тасралтгүй хөгжих боломжийг бүрдүүлэх зорилго тавьсан бөгөөд уг зорилгыг хангах чиглэлээр 9 зорилтыг хэрэгжүүлэхээр заалаа.
  3. Хөл хорионы улмаас гадаад улс, оронд суралцдаг ЕБС-ийн хүүхдүүд сургуульдаа явж чадахгүй байгаа шалтгааны улмаас суралцах эрх нь хязгаарлагдахад хүрсэн хүүхдүүдийг зохих шатны сургалтад бүрэн хамруулан завсардалтаас сэргийлэн ажиллахыг аймаг, дүүргийн боловсролын газрын дарга нарт Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 2/495 албан тоотоор үүрэг өгч ажиллалаа.
  4. Ерөнхий боловсролын салбарын чиглэлээр 2020 онд батлан гаргасан дүрэм, журмын эмхэтгэлийг боловсруулан 8 дугаар сарын 25-ны өдөр Яамны цахим хуудас /https://www.meds.gov.mn/?p=5490/-д байршуулсан.
  5. Аймаг, нийслэлийн боловсролын байгууллагын багш ажилтнуудыг Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан ажиллах чиглэл бүхий Эрүүл мэндийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг зохион байгуулах тухай” 1А/3371 албан тоотыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн төвүүдэд хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажиллалаа.   
  6. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллах мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор сургуулийн тогооч нарыг хүүхдийн хоолны чиглэлээр мэргэшүүлэх 14 хоногийн сургалтыг ШУТИС-тай 2020 оны 8 дугаар сарын 28, 29-ны өдрүүдэд хамтран зохион байгуулсан. Сургалтад нийслэлийн ерөнхий  боловсролын сургуулийн 25 тогооч хамрагдлаа.
  7. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажилчдад зориулсан суралцагчдын өсөлт хөгжлийг хангахуйц тэнцвэртэй, тэжээллэг хоол хүнс бүхий 66 иж бүрдэл хоолны жор, технологийн гарын авлагыг боловсруулан хэвлэлийн эх бэлтгэлд хүргүүлээд байна. Гарын авлагыг 2020 оны 9 дүгээр сард хэвлүүлэн сургуулиудад хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 
  8. БШУ-ны яам, ОХУ-ын Е.Д.Стасовагийн нэрэмжит «Интердом» олон улсын боловсролын төв хоорондын орос хэлний мэргэжилтэн багш ажиллуулах тухай гэрээг байгуулах ажлыг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр зохион байгууллаа. Уг гэрээний дагуу аймаг, орон нутгийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 6 сургуульд орос хэлний мэргэжилтэн багш нар 2020-2021 оны хичээлийн жилд ажиллахаар боллоо. Орос хэлний мэргэжилтэн багш нарыг ОХУ-ын Гэгээрлийн яам сонгон шалгаруулсан бөгөөд багш нарыг Монгол Улсад ажиллах хугацаанд «Интердом» олон улсын боловсролын төвөөс цалинжуулах юм.
  9. ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдад БШУ-ны сайдаас хандсан захидлыг 08 дугаар сарын 25-ны өдрийн 1а/497 албан тоотоор хүргүүлсэн. Захидалд Монгол-Оросын хамтарсан их сургууль байгуулах боломж, нөхцөлийн талаар Монголын талын байр суурийг тодорхой дурдсан бөгөөд хамтарсан их сургууль нь Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр сургалт, судалгааны ажил гүйцэтгэх юм.
  10. БНЭУ-аас МУ-д суугаа Элчин сайдад БШУ-ны сайдаас хандсан захидлыг 08 дугаар сарын 26-ны өдрийн 1a/578 албан тоотоор хүргүүлсэн. Захидалд Энэтхэг-Монголын найрамдлын сургууль байгуулах асуудал, ЕБС-ийн  англи хэлний 1000 багшийн мэргэжлийг дээшлүүлэх сургалтын зохион байгуулалтын талаар Монголын талын саналыг тэмдэглэсэн болно.
  11. Засгийн газрын 2018 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ын 3.1-д заасны дагуу олон нийтэд нээлттэй зарлаж мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаачдаас нийт 13 бүтээлийг шалгаруулалтад ирүүлсэн. Тус шагналын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг “Ажлын хэсэг байгуулах тухай” БШУ-ы сайдын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн А/45 дугаар тушаалаар батлан Ажлын хэсэг ажиллаж байна.
  12. Нийслэл болон Хэнтий, Хөвсгөл, Дорнод, Өвөрхангай, Орхон, Дархан-Уул аймгийн ЕБС-ийн 1-р ангийн элсэлтийг анх удаа цахим хэлбэрээр зохион байгууллаа. Бүртгэлийг 2020 оны 08 дугаар сарын 03-аас 28-ны хооронд амжилттай зохион байгуулав. Улсын хэмжээнд цахимаар 1-р ангид 31798 (38.2%) хүүхэд, үүнээс Нийслэлд 24636 (61.5%) хүүхэд элссэн байна.
  13. БШУ-ны сайдын “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, удирдамж батлах тухай” 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/54-р тушаалаар Азийн хөгжлийн банкны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд зөвлөх үйлчилгээний дагуу хийгдсэн “Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем” гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах ажлын хэсгийг удирдамжийн хамт батлав. Тус ажлын хэсэг 9 дүгээр сарын 11-нд гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг шаардлага хангасан эсэхийг танилцуулахаар ажиллаж байна.
  14. БШУ-ны сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/43 дугаар тушаалаар “Боловсрол, шинжлэх ухааны салбарын үйл ажиллагааг үе шаттай цахим хэлбэрт шилжүүлэх, сургалтын цахим платформ хөгжүүлж, онлайн сургалтын хөтөлбөр, цахим контент, цахим хичээл боловсруулан иргэдийн насан туршдаа суралцахуйг дэмжих эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтийг удирдлагаар хангаж ажиллах” чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Тус ажлын хэсэг БШУ-ны салбарын мэдээлэл, харилцаа холбооны технологийн талаар баримтлах бодлогыг тодорхойлж, онлайн сургалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх, цахим контент, хичээл боловсруулах, дэд бүтцийн бэлэн байдлыг үе шаттай хангуулах, мэдээллийн технологийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх зэрэг үйл ажиллагааны чиглэлээр ажиллах юм.
  15. Яамны шинэ веб хуудас хөгжүүлэлтийг гүйцэтгэж дууслаа. www.meds.gov.mn Шинэ вэб хуудас нь үндсэн 10 цэстэй бөгөөд Яамнаас иргэдэд үзүүлдэг үйлчилгээ, мэдээллийг “Танд тусалъя” цэсээр дамжуулан шуурхай хүргэдэг боллоо.
  16. Академич Ц.Оюунсүрэн, доктор Д.Гантулга нарын удирдлагаар ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул биологийн лаборатори, ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, МУИС-ийн Биологийн тэнхимийн эрдэмтдийн хамтарсан багийн SARS-CoV2 вирусийн эсрэг бие илрүүлэх оношлуурын судалгааны ажилтай ШУТГ-аас танилцлаа. Туршилтын ажлыг хамрах хүрээг өргөжүүлэн үйлдвэрлэх, хэрэглээнд нэвтрүүлэх боломжийг судлахаар болов.
  17. Архангай аймгийн Өлзийт сумын нутагт хүннүгийн хотын туурийг илрүүлсэн  археологийн судалгааны төслийн үйл ажиллагаатай 08 дугаар сарын 05-ны өдөр газар дээр нь танилцлаа. Хайгуул, малтлагын газар, судалгааны ажлын үйл ажиллагаа, олдворуудтай танилцан судлаачидтай уулзаж судалгааны төслийг урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх, судалгааны экспедицийн санхүүжилтийг шийдвэрлэх, хотын туурийг хамгаалалтад авах асуудлуудыг хэлэлцлээ.
  18. Хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан багшийн хөгжлийг дэмжих, судлагдахуун бүрээр сургалтын сайжруулсан хөтөлбөрийн агуулга, аргазүй, үнэлгээний цогц сургалтыг  Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институттэй хамтран Архангай аймгийн Цэцэрлэг хотод ЕБС, цэцэрлэгийн багш, удирдах ажилтан 1400 гаруй багшийг хамруулан “Боловсролын чанарт ахиц гаргацгаая” сэдвийн дор 8 дугаар сарын 13-аас 17-ны өдрүүдэд зохион байгууллаа.
  19. Улсын Их Хурлын Инноваци, цахим бодлогын байнгын хорооноос 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулсан “Цахим боловсролын шилжилт” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн, тогтоолын төслийг боловсруулж 08 дугаар сарын 24-ний өдрийн ИЦБ-ын Байнгын хорооны хурлаар батлууллаа.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР                

  1. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 32 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/17-р тушаалаар 2020 оны 9 дүгээр сарын 1-ны өдрөөс хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор 2-3 настай 3266 хүүхдийг “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хамруулахаар төлөвлөж байна.
  2. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх “Сургуулийн өмнөх боловсрол нь хүүхдийн төлөвшил, хөгжлийн суурь үе хэмээн үзэж, хүүхдийн цэцэрлэгийн үйлчилгээний болон сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц үйл ажиллагаа зохион байгуулна” гэсэн үйл ажиллагааны зорилтын хүрээнд “Цэцэрлэгийн менежмент, манлайлал” гарын авлага боловсруулж 1000 хувь хэвлүүлэн түгээлээ. Тус гарын авлага нь БШУ-ны яамнаас “Боловсролын чанарт суурилсан шинэчлэлийг хийх” зорилт дэвшүүлсэнтэй холбоотойгоор цэцэрлэгийн удирдах ажилтнуудыг байгууллагын  үйл ажиллагаагаа оновчтой, шинэлэг, үр нөлөө үзүүлэхүйц удирдах, сургалтын чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, ажлын байрандаа тасралтгүй суралцах, хамт олноо манлайлан зөв менежментээр багаа удирдах, ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг болох гэх мэт агуулгыг багтаасан болно.
  3. Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2019 оны жилийн эцсийн болон 2020 оны эхний хагас жилийн хэрэгжилтийн явцад хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг Бодлого төлөвлөлтийн газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 3/674 тоот албан бичгийн хавсралтаар Сангийн яаманд хүргүүлсэн.
  4. Монгол Улсын Засгийн газрын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөлд санал өгч Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1а/327 тоот албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  1. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг үе шаттайгаар эхлүүлэхтэй холбогдуулан Коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байруудад гар ариутгах бодис нийлүүлэх ажлыг зохион байгуулсан. НҮБ-н хүүхдийн сангийн тусламжтайгаар нийт 85 сая төгрөгийн 10,167 ширхэг гар халдваргүйжүүлэгч гелийг сургууль, цэцэрлэгүүдэд тараалаа.
  2. Салбарын үйл ажиллагааны зардлын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр:

Монгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд Боловсрол, шинжлэх ухааны сайдын төсөв зарцуулах нийт эрх 3,365,472.5 сая төгрөг санхүүжүүлэхээр тооцоолж, төсвийн төслийг 2020 оны 1а/345 тоот албан бичгээр Сангийн сайдад хүргүүлсэн. Төсвийн төсөлд урсгал зардал 1,904,570.0 сая төгрөг, эргэж төлөгдөх зээл 79,057.0 сая төгрөг, улсын төсвийн хөрөнгийн зардалд 1,460,902.5 сая төгрөг байхаар тусгалаа. Тус төсөв нь 2020 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад 1,214,392.3 сая төгрөг буюу 36 хувиар нэмэгдэж байна.

Хөтөлбөрүүдийн зардлын хураангуй, сая төгрөгөөр

Хөтөлбөр

Нийт зарлага ба цэвэр зээлийн дүн

Урсгал зардал

Хөрөнгийн зардал

Эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл

 

 

 

 

 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД

3,365,472.5

1,825,513.0

1,460,902.5

79,057.0

Боловсрол, шинжлэх ухаан (71800)

1,904,570.0

1,825,513.0

0.0

79,057.0

Сургуулийн өмнөх боловсрол  (71801)

613,216.2

613,216.2

0.0

0.0

Ерөнхий боловсрол   (71802)

1,018,365.1

1,018,365.1

0.0

0.0

Дээд боловсрол   (71803)

147,465.3

68,408.3

0.0

79,057.0

Шинжлэх ухаан, технологи   (71805)

78,356.9

78,356.9

0.0

0.0

Насан туршийн болон албан бус боловсрол   (71806)

6,646.1

6,646.1

0.0

0.0

Тусгай хэрэгцээт боловсрол   (71807)

5,509.1

5,509.1

0.0

0.0

Боловсрол, ШУ-ны бодлого удирдлага   (71808)

35,011.4

35,011.4

0.0

0.0

Ангилагдаагүй бусад   (72300)

1,460,902.5

0.0

1,460,902.5

0.0

                 Хөрөнгийн зардал

1,460,902.5

0.0

1,460,902.5

0.0

 

  1. Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийн жилийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлүүлэхтэй холбогдуулан коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүй бүх цэцэрлэг, сургуулийн хичээлийн байр, дотуур байрыг мэргэжлийн байгууллагаар ариутгаж халдваргүйжүүлэх, төрийн өмчийн цэцэрлэг, сургууль, сургуулийн дотуур байранд шаардлагатай багаж хэрэгсэл авахад шаардагдах зардалд 3,081,813,000.0 төгрөгийг зарцуулах тухай 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/36 дугаар тушаал гарсан. Үүнд:
    1. Халдваргүйжүүлэлт хийх – 500.9 сая төгрөг,
    2. Халуун хэмжигч худалдан авах – 2,065.4 сая төгрөг,
    3. Кварцын гэрэл худалдан авах – 515.5 сая төгрөг,
  2. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цэцэрлэг, ЕБС-ийн хичээлийг танхимаар эхлүүлж байгаатай холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлд иргэн, аж ахуйн нэгжийн өмчлөлийн барилгыг түрээслэн сургалтын үйл ажиллагаа явуулах тухай Сайдаас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/39 дугаар тушаалыг гаргалаа. Нийт 14 цэцэрлэг, 6 ерөнхий боловсролын сургуульд 2020 оны 9-12 сард үйл ажиллагаа явуулах барилга түрээслэхэд 613.5 сая төгрөгийн түрээсийн зардал гарахаар тооцсон.
    1. Цэцэрлэгийн 14 барилга /1216 хүүхэд/ - 344.6 сая төгрөг;
    2. ЕБС-ийн 6 барилга /3315 хүүхэд/ - 268.9 сая төгрөг;
  3. Японы хамтын ажиллагааны “Жайка”  байгууллагаас харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн нийт суралцагч, багш нарт сурах бичиг, бичмэл материалыг дейзи /дуут/ болгон уншдаг, компьютерт байгаа бичмэл материалыг болон интернетээс нэмэлт материал татаж сургалтад ашиглах, сонсох, бичих боломжтой 160 ширхэг \DAISY-E-PUB\ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Ингэснээр харааны бэрхшээлтэй хүүхэд сурах бичиг, бичмэл материалыг цахим хэлбэрээр сонсдог, компьютерт байгаа бичмэл материалыг болон интернетээс нэмэлт материал татаж сургалтдаа ашиглах, сонсох, бичих боломжтой болж байна.
  4. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны төсвийн төсөлд 2,951,291.0 /хоёр их наяд есөн зуун тавин нэгэн тэрбум хоёр зуун ерэн нэг сая/ төгрөгийн 1140 хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний санал оруулан төсвийн хуулийн хугацаанд 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Сангийн яаманд хүргүүлэн ажиллалаа.
  5. Улсын төсвийн 2020 оны хөрөнгөөр санхүүжүүлсэн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын үндсэн багш нарт олгох зөөврийн компьютерыг БСШУС-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/266 дугаар тушаалаар батлагдсан хуваарийн дагуу 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс түгээж эхэлсэн. Одоогийн байдлаар 20 аймаг, 3 дүүргийн нийт 688 байгууллагад 1781 ширхэг буюу 3,115.8 сая төгрөгийн зөөврийн компьютер олох 2064 ширхэг зарлагын баримт бичиж, бараа олгох ажлыг зохион байгуулж ажилласан. 
  6. 2020-2021 оны хичээлийн жилд шинээр ашиглалтад орох сургуулийн өмнөх боловсролын 45 байгууллагад 422.6 сая төгрөгийн тавилга, гал тогооны тоног төхөөрөмж олгох ажлыг байгуулсан.
  7. БШУ-ны салбарт улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа төсөл арга хэмжээний мэдээллийн нэгдсэн санг үүсгэн www.investment.edu.mn бүртгэлийн системийг нэвтрүүллээ. Системд БШУ-ны салбарт хэрэгжиж байгаа 341 төсөл арга хэмжээний мэдээллийг 2020 оны 08 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар оруулаад байна.
  8. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийслэлд улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжин ашиглалтад орохоор төлөвлөсөн 27 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийн ажлын явц, гүйцэтгэлтэй танилцах 8 ажлын хэсэг 2020 оны 08 сарын 14-20-ны өдрүүдэд газар дээр нь очиж ажиллалаа.
  9. Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар  хэрэгжиж байгаа 97 төсөл арга хэмжээний барилга байгууламжийн улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээн авлаа. Үүнд:

Улсын төсөв

  • Сургууль, өргөтгөл нийслэлд 5, орон нутагт 20 нийт 10478 суудалтай 25 сургууль, өргөтгөл
  • Цэцэрлэг, өргөтгөл нийслэлд 17, орон нутагт 26 нийт 5805 ортой 43 цэцэрлэг
  • Дотуур байр, өргөтгөл орон нутагт 1840 ортой 15 дотуур байр
  • Спорт заал, талбай нийслэлд 5, орон нутагт 2

Гадаадын зээл тусламж

  • Сургууль,өргөтгөл нийслэлд 3160 суудалтай 5 сургууль, цэцэрлэг орон нутагт 1, нийслэлд 1 нийт 150 ортой 2 цэцэрлэгийг тус тус улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад орууллаа.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

  1. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлах ангийн нөхөн хангалтын сурах бичиг, I-XII ангийн Багшийн журнал, VI-XII ангийн “Анги удирдсан багшийн дэвтэр”, брайл сурах бичиг, цахим /daisy-e-pub/ сурах бичиг, цахим /daisy-e-pub/ ном уншигч худалдан авах тухай: СБ-2020/014-017 дугаар бүхий гэрээт ажил дээр “Сэлэнгэ пресс” ХХК, “Содпресс” ХХК, “Соёмбо принтинг” ХХК-тай нэмэлт гэрээ байгууллаа.  
  2. 8 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд “Боловсролын чанарт ахиц гаргацгаая” үндэсний хэмжээний сургалтыг онлайн хэлбэрээр аймгуудтай холбогдож зохион байгууллаа.
  3. 2020-2021 оны хичээлийн жилийн хичээл сургалтыг эхлүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцын судалгааг улсын хэмжээнд 8 сарын 18, 21, 27-ны өдрийн байдлаар нэгтгэн гаргаж, холбогдох чиглэл зөвлөмжийг өгч ажиллалаа.
  4. 2021 оны төсөвт суулгах сургуулийн гал тогооны хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, хоолны газрын ажилчдын цалин, суралцагчийн хоолны зардлын тооцоог гарган СХҮХ-ээс Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газар, Санхүү эдийн засгийн газарт тус тус хүргүүлсэн. Үүнд:

-хөрөнгө оруулалтын зардал: хоолны газаргүй 30, нэмж барих, өргөтгөх шаардлагатай 7 сургуульд 23.2 тэрбум төгрөг;

-урсгал засварын зардал/зориулалтын бус хоолны газрыг засварлах/: түрээсийн хоолны газартай 47 сургуульд 4.1 тэрбум төгрөг;

-тоног төхөөрөмжийн зардал: нийт 491 сургуульд 12.3 тэрбум төгрөг тусгуулах саналыг нэгтгэн хүргүүлсэн.

  1. Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсээс Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй 8 дугаар сарын 27-ны өдөр уулзалт зохион байгууллаа.  Уулзалтад БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр оролцож боловсролын багц  хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт ТББ-ын төлөөллийг оролцуулж, хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.
  2. УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат болон ИЦБ-ын байнгын хорооны дарга Н.Учрал болон байнгын хорооны гишүүдэд БШУ-ны яамны товч танилцуулгыг /8  дугаар сарын 3-ний өдрийн А/160, А/161 тоот албан бичиг/ статистик мэдээллийн хамт хүргүүлэв. (хавсралт 30 багц материал)
  3. Иргэд, аж ахуй нэгж байгууллагад мэдээ мэдээллээр хангах зорилгоор Яамны угтах үйлчилгээг 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. 8 дугаар сарын 31 хүртэл 14 хоногийн хугацаанд нийт 500 гаруй хүнд мэдээлэл өгөх үйлчилгээг үзүүлсэн байна.
  4. “Боловсрол, шинжлэх ухааны салбарын 2015-2020 оны статистикийн мэдээллийн дүн шинжилгээ” судалгааны ажлын үр дүнгийн тайланг боловсруулж, хэвлүүлэн удирдлагуудад хүргүүлж, мэдээллээр хангасан.
  5. Улсын төсвийн 2020 оны хөрөнгө оруулалтаар санхүүжигдэж байгаа дараах төсөл арга хэмжээг хүлээн авах ажлыг зохион байгуулан ажиллалаа. Үүнд:
  1. XII.6.1.3.1 “Малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулахад шаардлагатай гэр цэцэрлэг худалдан авах  төсөл арга хэмжээний Багц-2 Зөөлөн эдлэл худалдан авах” Чандмань хархираа ХХК;
  2. XII.6.1.3.16 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хөгжмийн зэмсэг, тоног төхөөрөмж худалдан авах” Профешнл-Арт ХХК;
  3. XII.6.1.3.38 “Шинжлэх ухааны байгууллагуудад суурин компьютер худалдан авах” Ай ти зон ХХК;
  4. XII.6.1.3.3 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тоглоом худалдан авах” Хурд тех ХХК;
  5. XII.6.1.3.2 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга худалдан авах” Багц-1 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга нийлүүлэх Долоон болдог ХХК;
  6. XII.6.1.3.2 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга худалдан авах” Багц-2 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч  Хашхан ХХК;
  7. XII.6.1.3.4 “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад гал тогооны тоног төхөөрөмж худалдан авах” Багц-2 Аяга таваг хатаагч, дээжийн хөргөгч, хоолны ширээ, сандал худалдан авах, Багц-3 Цахилгаан махны машин, бэлтгэлийн ширээ, буузны жигнүүр, гурил зуурагч, хоолны хийх болон чанах зориулалттай савны цуглуулга, данх /5л/ худалдан авах Хашхан ХХК;
  1.  “Дотоод аудит, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал”-ыг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2/207 албан тоотоор харьяа байгууллагуудад хүргүүллээ. Мөн эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу хязгаарлалттай, сөрөг санал дүгнэлт авсан харьяа 11 байгууллагад эрсдэлийн үнэлгээ хийсэн бол 9 газрын санхүүгийн ажилтанд хугацаатай аудитын зөвлөмж өгч ажиллалаа.
  2. БШУ-ны яаманд 2020 оны 08 дугаар сарын 31-ний байдлаар байгууллага, иргэдээс 6040 хариутай бичиг, 1338 шууд бичиг, 1399  өргөдөл гомдол, нийт 8777 бичиг ирүүлжээ. Шийдвэр, хариу хүссэн 7439 бичгээс  5624-ийг албан бичиг, 1398-ийг өргөдөл, гомдол эзэлж байна. Эдгээрээс 7022 буюу 94,3%-ийг холбогдох мэргэжилтэн, албан хаагчид судалж шийдвэрлэн хариу өгч ажиллажээ. 5.2% нь буюу 305 албан бичиг, 86 өргөдөл хугацаандаа судлагдаж,  111 албан бичиг, 25 өргөдөл буюу 1.8% нь хугацаа хэтэрсэн байна. Яамнаас байгууллага, иргэдэд 810 албан бичиг явуулсан бөгөөд ирж болон утсаар хандсан иргэдэд нийт 3200 удаа мэдээлэл, лавлагаа өгсөн байна.

 

 

---000---