БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 12 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

  • “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын  төлөвлөгөөг сайдын 2020 оны 12 сарын 04-ний А/176 дугаар тушаалаар баталлаа. Төлөвлөгөөг 2021-2024 оны хооронд 67 үйл ажиллагаатайгаар  хэрэгжүүлэх юм.

•  Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоногийн хоолны илчлэгийн хуваарилалт, хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээний тооцоог Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоол судлалын албатай хамтран боловсруулж, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын “Норматив батлах тухай” 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/166, А/559, 222 дугаар хамтарсан тушаалаар баталсан. Дээрх норматив улсын бүртгэлийн нэгдсэн сангийн 4923 дугаарт бүртгэгдсэн байна.

•  БШУ-ны сайдын 2020 оны А/190 дугаар тушаалаар “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлууллаа. Төлөвлөгөөг 2020-2024 оны хооронд 21 үйл ажиллагаатайгаар  хэрэгжүүлэх юм.

•  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын суралцах эрхийг хангах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилгоор “Тэгш хамран сургах боловсролын талаар авах арга хэмжээний талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг танилцуулгын хамт бэлтгэн хэлэлцүүлэхээр сайдын 2020 оны 12 сарын 22-ны өдрийн 1а/3584 тоот албан бичгээр ЗГХЭГ-т хүргүүллээ. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ”Тэгш хамран сургах боловсролын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

•  БШУ-ны сайдын 2020 оны 12 сарын 11-ний өдрийн А/184 дүгээр тушаалаар “Бүх шатны сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журам”-ыг батлан гаргалаа.  Журмыг 12 сарын 17-ны 2/3415 тоот албан бичгээр ХЗДХЯ-нд хүргүүлэн Улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгүүлж, www.legalinfo.mn хуулийн нэгдсэн портал сайтад байршууллаа.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

  • Боловсролын багц хуулийг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлгийг 21 аймаг, 331 сум, нийслэл, 9 дүүрэг, 88 их дээдийн сургуулийн түвшинд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Боловсрол, шинжлэх ухааны яамны веб сайтад байршуулсан үзэл баримтлал болон хуулийн төсөлтэй 56845  иргэн хандалт хийн танилцаж, цахимаар 24299 хүн саналаа ирүүлсэн. Хуулийн төслийн хэлэлцүүлгийг анх удаа цахимаар нийт боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагын саналыг авч тусгасан болно. Цахим хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагын хамт олны төлөөлөл болох 5632 багш, ажилтан, бусад их дээд сургууль, шинжлэх ухааны болон харьяа байгууллагын 505 төлөөлөл, нийт 6137 хүн оролцож саналаа илэрхийллээ. 
  • Боловсролын багц хуулийн төслийн хүрээнд Дээд боловсролын тухай хууль, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн цахим хэлэлцүүлгийг 12 сарын 22 өдөр зохион байгууллаа. Цахим хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат, байнгын хорооны гишүүд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр болон 80 гаруй их, дээд сургуулийн багш, удирдлагууд 180 цэгээс оролцлоо.  Дээд боловсрол, шинжлэх ухааны салбарын салангид явж ирсэн тогтолцоог шинэчилж, эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн үр ашигтай түншлэлийг бий болгож, өрсөлдөөн, үр дүнд суурилсан санхүүжилтийн хэлбэр, тогтвортой бодлогын дэмжлэгийг хуульчилж байгаагаараа Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд онцлог юм.
  • Зайны сургалтын аргуудын сайн туршлагыг хуваалцах вебинарыг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн сан, ЮНЕСКО болон Дэлхийн банк хамтран зохион байгууллаа. Вебинараар Ковид-19 цар тахлын үед шинэлэг технологийг ашиглан боловсролын хөтөлбөрийг суралцагчдад түгээх, зайнаас сургах арга барилуудын үр өгөөжийн талаар туршлага солилцсон. Монгол Улс Ковид-19 цар тахлын улмаас боловсролын салбартаа авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, түүний үр дүн болон зайны сургалтын талаарх туршлагаа танилцуулсан. Зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсын танилцуулгыг өргөн хүрээний мэдээлэл агуулсан, сайн туршлага гэж үнэлэн НҮБ-ын Хүүхдийн сан салбар оффисууддаа хуваалцсан байна.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

  • БШУ-ны сайдын “Хүнсний дэмжлэг үзүүлэх тухай” А/162 тушаалаар цэцэрлэг, ЕБС-ийн дотуур байрны хүүхдийн хоол, хүнс болон бага ангийн суралцагчдын үдийн цайнд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнс тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй зорилтот бүлгийн өрхөд хүргэх арга хэмжээг 12 сарын 5-ны өдрийн дотор зохион байгууллаа. Хүнсний дэмжлэг нийт 16172 хүүхдэд олгогдсон бөгөөд орон нутагт нийт 12548 хүүхдэд хүнсний дэмжлэг үзүүлсэн байна.
  • Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд монгол хэл, бичиг, уран зохиолын хичээл зааж буй мэргэжлийн 1000 багшийг хамруулсан “Оюун билгийн соёрхол-Монгол хэл бичиг” цахим сургалтыг 12 сарын 28-нд эхлүүллээ. Сургалт нь Монгол хэлний тухай хууль, монгол хэлний сургалтын талаар баримтлах бодлогын баримт бичиг, эдгээр хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах  ажлын хүрээнд зохион байгуулагдлаа.
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2021 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөг БШУ-ны сайд 2020 оны 12 дугаар сарын 17-ний өдрийн А/189 дүгээр тушаалаар баталж 2021 оны төсвийн гүйцэтгэлийг хангахад бэлтгэв.  

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  • Ерөнхий боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Гэгээрлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг 12 сарын 30-ны өдөр байгууллаа. Санамж бичигт Монголын талыг төлөөлж Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Оросын талыг төлөөлж Гэгээрлийн сайдын нэгдүгээр орлогч Д.Е.Глушко нар гарын үсэг зурсан. Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээг цахимаар зохион байгуулсан болно. Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн түүхэн ойг угтаж байгаа энэ цаг үед ерөнхий боловсролын салбарт хамтран ажиллах тухай баримт бичгийг Оросын талтай байгуулснаараа онцлог үйл явдал боллоо. Санамж бичгийн хүрээнд талууд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр боллоо.
  • ерөнхий боловсролын салбарт ажиллах багшлах боловсон хүчнийг бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах,
  • суралцагч, багш солилцоог хэрэгжүүлэх,
  • ерөнхий боловсролын салбарт шинэлэг мэдээлэл технологийг нэвтрүүлэх талаарх туршлага солилцох зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
  • Монгол Улс, Унгар Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2023 онд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2020 оны 12 дугаар сарын 17-нд байгууллаа. Тус санамж бичигт Монголын талыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Унгарын талыг төлөөлж Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др. Борбала Обрущанский нар гарын үсэг зурж албажуулав. Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсад тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр 2021-2023 онуудын хооронд жил бүр Монгол Улсын 200 иргэнийг Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар болсон.
  • Засгийн газрын 2018 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-ын дагуу Монгол Улсад шинэ мэдлэг, технологийг зах зээлд нэвтрүүлсэн шинийг санаачлагч, зохион бүтээгч, инноватор, энтрепренерүүдийн үйл ажиллагаа, санаачилгыг дэмжих, шинэ технологи, инновацийг хөгжүүлэх зорилгоор 2 жилд тутамд “Үндэсний инновацийн шагнал”-ийг “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний шилдэг инноваци” гэсэн хоёр төрлөөр шалгаруулан урамшуулдаг. 2020 оны Үндэсний инновацийн шагналыг “Баргил тех” ХХК-ийн “Эко барьцалдуулагч” бүтээл, “Ворлд плас дижитал” ХХК-ийн “Ворлд плас аппликэйшн” бүтээлийг шалгаруулж шагналаа. Шагналыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн “Ворлд плас дижитал” ХХК-ний захирал Х.Эрдэнэбаяр, “Баргил тех” ХХК-ний захирал Б.Очир нарт 12 сарын 23 өдөр гардуулан өглөө.
  • Алсын хараа-2050 постерт орох боловсролын үндсэн үзүүлэлтийн прогнозыг гарган графикийг ЗГХЭГ-т хүргүүллээ.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  • Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдын багц 2020 онд улсын төсвөөс 1.737.951,9 сая төгрөгийн санхүүжилт авахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1.629.735,9 сая төгрөгийн санхүүжилт авсан ба 93,8%-ийн гүйцэтгэлтэй байна. Нийт урсгал зардал 1.393.776,3 сая төгрөг батлагдсанаас 1.371.659,3 сая төгрөгийн гүйцэтгэлтэй буюу нийт батлагдсан төсвийн 98,4% , хөрөнгийн зардал 323.449,2 сая төгрөг батлагдсан ба 237.537,1 сая төгрөгийн гүйцэтгэлтэй буюу  батлагдсан төсвийн 73,4%-ийг тус тус санхүүжүүлсэн байна. 
  • Шилэн дансны Хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, гүйцэтгэл, концессын зүйлийн жагсаал, гүйцэтгэлийн мэдээллийн бүлэгт Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний 2020 оны 12 сарын санхүүгийн гүйцэтгэлийн өссөн дүнгээр санхүүжилтийн мэдээг хуулийн хугацаанд оруулж баталгаажуулав.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

  • Өндөржүүлсэн бэлэн байдал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 12-р сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
  • Боловсролын үйлчилгээний /суралцахуйн/ тасралтгүй байдлыг хангах зорилгоор олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хичээл, сургалтын үйл ажиллагааг мэдээллийн технологи ашиглан зайн болон цахим, теле хэлбэрээр зохион байгуулсан.  Цаашид ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагааг танхимын, танхимын болон танхимын бус, хосолмол, зайн болон цахим хэлбэрээр явуулах бодлого, стратеги гаргаж, бэлтгэл хангаж байна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй сурагчдын судалгааг холбогдох байгууллага, анги удирдсан багш нартай хамтран гаргасан. Судалгаагаар 10082 хүүхэд гэр бүлийн болон хүчирхийлэлд өртөж болзошгүй байсан бөгөөд эдгээр хүүхдэд багш нар анхаарал хандуулан ажиллаж байна.
  • Боловсрол, шинжлэх ухааны яам холбогдох мэргэжлийн байгууллагуудын хамтаар орон нутгаас Улаанбаатарт ирж суралцаж буй оюутнуудыг 2020 оны 12 дугаар сарын 5-аас эхлэн 4 хоногийн хугацаанд 20 байршлын 29 дотуур байрны 19199 оюутныг Коронавируст халдвар /COVID-19/-ын PCR шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээнд хамрагдсан оюутнуудыг 12 сарын 9-ний өдрөөс  халдвар хамгаалалтын дэглэмийг баримтлан, ариутгал халдваргүйтгэл хийсэн автобусаар орон нутаг руу буцаах ажлыг зохион байгууллаа. Тус арга хэмжээг 4 хоногийн хугацаанд нэгдсэн зохион байгуулалтаар ханган нийт 3182 оюутныг орон нутаг руу тээвэрлэх ажлыг зохион байгуулав.
  • 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 188 дугаар “Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоол, Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/162 тоот “Хүнсний дэмжлэг үзүүлэх тухай” тушаалын дагуу улсын хэмжээнд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, дотуур байрын хүүхдийн хоол, хүнсэнд зарцуулахаар нөөцөлсөн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнс тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй цэцэрлэг, сургуулийн насны хүүхэдтэй зорилтот бүлгийн өрхөд түгээх ажлыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс  10-ний өдрийн дотор  улсын хэмжээнд зохион байгууллаа. Улсын хэмжээнд цэцэрлэг, сургуулийн насны зорилтот бүлгийн 51.194 /тавин нэгэн мянга нэг зуун ерэн дөрөв/ хүүхэд байна гэсэн тоо мэдээ гарсан. Үүнээс хүнсний бүтээгдэхүүн нэн шаардлагатай 25.115 /хорин таван мянга нэг зуун арван тав/ хүүхдэд 1.688.946.021 /нэг тэрбум зургаан зуун наян найман сая есөн зуун дөчин зургаан мянга хорин нэг/ төгрөгийн 15  нэр төрлийн /дунджаар/ хүнсний бүтээгдэхүүнээс бүрдсэн багцыг түгээж ажилласан байна.
  • БШУ-ны яаманд 2020 оны 12  дугаар сард гадны байгууллага, иргэдээс яаманд хандаж 781 хариутай бичиг, 240 шууд бичиг, 138 өргөдөл гомдол, нийт 1159 бичиг ирүүлсэн байна. 585 хариутай албан бичиг, 79 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж хариу өгсөн байна. 159  албан бичиг, 59 өргөдөл хугацаандаа судлагдаж, 38 албан бичиг, 13 өргөдөл хугацаа хэтэрсэн байна. Яамнаас гадны  байгууллага, иргэдэд 755 албан бичиг албан явуулсан байна. Ирж болон утсаар хандсан иргэдэд нийт 1200 удаа мэдээлэл,  лавлагаа өгсөн байна. Яаманд ирсэн албан бичиг, өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэн, хариуцсан албан хаагчдад хүргэж өгөх, 262227 утсаар хандсан гадны иргэдэд мэдээлэл өгөх, яамнаас гадны байгууллага, иргэдэд явуулж байгаа албан бичгийг хянах, эйбл программын хэвийн үйл ажиллагааг хангах, албан хаагчдад албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээлэл, зөвлөмжийг өгөх зэрэг ажлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

 

---oOo---