НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР
- Засгийн газрын 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаар тогтоолоор Ерөнхий боловсролын сургуулиудыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд үе шаттайгаар хамруулах ажлын төлөвлөгөөг батлууллаа. Уг төлөвлөгөөнд 7 арга хэмжээг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын дэмжлэг, иргэд олон нийтийн хандив тусламжийн хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөөд байна.
- Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Оюутны талаар авах зарим арга хэмжээний тухай” 13 дугаар тогтоолыг батлууллаа. Тус тогтоолоор 2020-2021 оны хичээлийн жилийн оюутны хөгжлийн зээлийг дотоодын их, дээд сургууль, коллежид суралцаж байгаа, боловсролын зээлийн сангаас зээл авах хүсэлт гаргасан оюутанд Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид оюутны хөгжлийн зээл олгох, эргэн төлүүлэх журам”-ын 1.5-д заасан нөхцөлийг харгалзахгүйгээр төсөвтөө багтаан олгох, мөн сувилагчийн мэргэжлээр төрийн болон төрийн бус өмчийн их, дээд сургуульд суралцаж буй оюутанд олгох зэрэг арга хэмжээг тус тус авахаар болсон.
- Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Журам батлах тухай” 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн А/20 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хөндлөнгийн хяналт тавих үүрэг бүхий Орон тооны бус хяналтын зөвлөлийн ажиллах журмыг батлан гаргалаа.
- Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан “Шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухай” А/35/ А10/9 дүгээр тушаалыг батлан гаргалаа. Тус тушаалын хавсралтаар “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлд хамаарах цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, туслах багш, ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш, дотуур байрын багшид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийг баталсан бөгөөд багш, ажилтнуудад ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү шалгуур үзүүлэлтийг мөрдөх юм.
- Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд яамдаас ирүүлсэн саналыг хууль тогтоомжийн хүрээнд нэмэлт тайлбар бичиж, ХЗДХЯ, СЯ-д 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1а/233, 1а/234 тоот албан бичгээр хүргүүллээ.
- Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг УИХ-д өргөн барих бэлтгэл ажлын хүрээнд Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн танилцуулгыг боловсруулан эцэслэв.
- БШУ-ы сайдын 2021 оны "Түр журам батлах тухай" А/11 дүгээр тушаалын хавсралтаар “Өмчийн хэлбэр харгалзахгүй бүх шатны боловсролын байгууллага суралцагчийн сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх, дараагийн төлбөрт шилжүүлэх түр журам”-ыг баталлаа.
- АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн хүсэлтийг судлан, тус эмнэлгийн дүрэм, бүтцэд нэмэлт оруулах тухай БШУ-ы сайдын 01 сарын 27-ны өдрийн А/32 дугаар тушаалыг батлан гаргалаа. Тушаалаар тус эмнэлгийн бүтцэд маркетингийн албыг эмнэлгийн эмнэл зүйн тусламж үйлчилгээг иргэдэд таниулах, үйлчлүүлэгчдийг татах, тусламж, үйлчилгээний маркетингийг зохион байгуулах, өөрийн эмнэлгийн үйлчилгээний сайн туршлагыг бусад эмнэлгүүдтэй хуваалцах, олон улсын байгууллагуудтай харилцах зорилгоор нэмж байгуулсан болно.
ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
- Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх талаарх санал, Улсын онцгой комисс болон Засгийн газрын хуралдааны шийдвэрийн төслийг тус тус боловсруулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 1 дүгээр сарын 18-ны өдрийн 1а/183 дугаар албан бичгээр Монгол Улсын Шадар сайдын ажлын албанд хүргүүллээ. Цэцэрлэг, сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагасын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх саналыг боловсруулахад холбогдох яам, хүрээлэн, байгууллагуудаас цаг агаарын урьдчилсан төлөв, өвөлжилтийн нөхцөл байдал, коронавируст халдвар болон томуу, томуу төст өвчлөлийн мэдээ, судалгааг тус тус авч, тэдгээрт үндэслэн хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс нэг сарын хугацаанд зайн, цахим хэлбэрээр, 3 дугаар сарын 1-ний өдрийн Даваа гарагаас хөдөөд танхимаар, нийслэлд танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулах боломжтой гэж үзсэн болно.
- “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/24 дүгээр тушаалыг батлан гаргалаа. Энэхүү тушаалаар (i) цэцэрлэг, сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагасын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн теле болон цахим хэлбэрээр зохион байгуулах, (ii) хоёрдугаар хагасын хичээл, сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах, сургах үйлд орон нутгийн боловсролын газраас үзүүлэх мэргэжил, арга зүйн дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэх, (iii) теле болон цахим хичээлийн чанарыг сайжруулах, хичээл, сургалтын үйл ажиллагааг хүүхдийн сурах үйлийг дэмжсэн, тэдний оролцоог хангасан мэдлэг бүтээх идэвхтэй сургалтын арга зүйд тулгуурлан зохион байгуулах, (iv) теле хичээл болон цахим сургалтад хамрагдах боломжгүй суралцагчдад хэвлэмэл болон бусад материал хүргэж, эргэх холбоотой ажиллах, (v) 12 дугаар ангийн суралцагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах, (vi) агуулгын болон хөгжлийн хоцрогдлыг богино хугацаанд арилгах, сургалтын хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд чиглэсэн хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, сургалтын байгууллагыг арга зүйн удирдамжаар хангах, (vii) цэцэрлэг, сургуулийн багш, ажилтанд коронавируст халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах, (ix) хичээл, сургалтын үйл ажиллагааг сургалтын байгууллагын орчинд зохион байгуулахад мөрдөх журам, зааврыг боловсруулж, батлуулах зэрэг асуудлыг зохицууллаа.
- Засгийн газрын хуралдааны 02 дугаар тэмдэглэлээр “Чадварлаг багш” хөтөлбөр дэмжигдсэнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд 2021 оны 01 сарын 14-ны өдөр “Хөтөлбөр, төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангах тухай” А/07 тоот тушаалыг гарган, аймаг, нийслэлийн БСУГ, харьяа байгууллагуудад хөтөлбөр, төлөвлөгөөг судлан танилцаж, хэрэгжилтийг хангаж ажиллуулахаар хүргүүлээд байна.
ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
- “Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөр”-ийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны А/199 дүгээр тушаалаар батлан гаргасан. Тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөр, зөвлөмжийг аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын болон Нийслэлийн боловсролын газрын дарга нарт 01 дүгээр сарын 07-ны өдрийн 6/48 тоот албан бичгээр хүргүүллээ.
- Америкийн Нэгдсэн Улсын их сургуулиудтай харилцаа холбоо тогтоох, улмаар 2+2 хөтөлбөр, оюутан, багш солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхол илэрхийлсэн (МУИС, ШУТИС, ХААИС, СУИС, Дүрслэх урлагийн дээд сургууль) их, дээд сургуулийн жагсаалт, харилцаа, хамтын ажиллагааг хариуцах албан тушаалтан, багш нарын нэр, цахим шуудангийн хаяг зэрэг мэдээллийг нэгтгэн Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-нд Сайдын 01 сарын 15-ны 1б/309 тоот албан бичгээр хүргүүлэн ажиллалаа.
- ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэг/ https://www.meds.gov.mn/?p=7973/, БНТУ-ын Засгийн газрын тэтгэлгийн / https://www.meds.gov.mn/?p=7978/ зарыг тус тус БШУ-ны яамны вэб сайтад байршууллаа.
- Дэлхийн Банкны хэлэлцүүлэгт оролцож хамтран ажиллах ажлын төлөвлөгөөнд тодорхой саналуудыг тусган ажиллалаа. Дэлхийн Банк Групп нь Монгол Улстай байгуулах дараагийн Түншлэлийн Стратегийн Хүрээг боловсруулж байгаа бөгөөд тус баримт бичиг нь Дэлхийн банк группийн Монгол Улсад 2021-2025 оны хугацаанд хэрэгжүүлэх дэмжлэг туслалцааны хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлох юм.
- Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны II улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд багш нарын “Мэргэжлийн бүлэг”-ийг үүсгэн, цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү мэргэжлийн бүлгийн зорилго нь сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхэд багшид II улиралд тулгамдах асуудлыг тодорхойлох, тухайн улиралд үзэх агуулгыг нарийвчлан тодорхойлж хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх юм. Мэргэжлийн бүлэг нь сургалтын хөтөлбөрийн агуулгын хоцрогдлыг арилгах зорилгоор судлагдахуунуудыг ангилж хариуцсан судлагдахуун бүрийн онцлогт тохируулан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх юм. Мөн аймаг, нийслэлийн боловсролын газрын сургалт хариуцсан мэргэжилтэн бүр орон нутгийн түвшинд сургууль бүрийн мэргэжлийн багш нарын бүлгийг цахим орчинд үүсгэн II улирлын хичээл эхлэхийн өмнө багшид мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг хэрэгжүүлж ажиллана./ https://www.meds.gov.mn/?p=7962 /
- БШУ-ны яам болон НЗДТГ-ын хамтарсан уулзалтыг “Улаанбаатар хот дахь Боловсролын салбарын хөрөнгө оруулалт ба тулгамдаж буй сорилт, шийдэл” сэдвийн хүрээнд 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулав. Уулзалтад Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид, БШУ-ны яамны удирдлагууд оролцлоо. Уулзалтад БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр “Боловсрол, шинжлэх ухааны салбарын бүтээн байгуулалт, 2021 оны төсвийн хөрөнгө оруулалт, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдвээр мэдээлэл өгөв.
- 2020 оны дөрөвдүгээр улиралд БШУ-ны яам болон харьяа байгууллагуудад ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг нэгтгэн гаргаж Төрийн нарийн бичгийн даргын 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2/58 тоот албан бичгээр ЗГХЭГ-т хүргүүлэв.
- УИХ-ын гишүүд, ЗГХЭГ, яамдаас ирүүлсэн хуулийн болон тогтоолын 12 төсөлд санал өгч ажиллалаа.
- ШУ, технологийн салбарын статистикийн мэдээ хариуцсан Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хүний нөөцийн мэргэжилтэн болон нягтлан бодогч нарт зориулсан “ШУ, технологийн салбарын статистик” сэдэвт цахим сургалтыг 01 сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулсан. Сургалтаар ШУ, технологийн салбарын шинээр батлагдсан аргачлал, маягт, түүнийг нөхөх зааврыг хэрхэн нөхөж, бүртгэх, ашиглах талаар танилцуулах, 2020 оны жилийн эцсийн мэдээний бэлтгэл ажлыг хангахад анхаарах зүйлийн талаар мэдээлэл хүргэх юм. Сургалтад нийт 62 байгууллагын 73 төлөөлөл оролцсон.
- Дэлхийн банкны “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд Тэгш хамран сургалт хариуцсан мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн “дэмжлэгийн баг”-ийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг 1 сарын 25-аас 29-ний өдрүүдэд цахимаар зохион байгууллаа. Сургалтад “Хүүхдийн хөгжлийг дэмжих загвар танхим” шинээр байгуулж буй Архангай, Булган, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Төв, Завхан аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын тэгш хамран сургалт хариуцсан мэргэжилтэн, ЕБС-ийн “Дэмжлэгийн баг”-ийн гишүүд /захирал, сургалтын менежер, багш/, нийт 100 орчим хүн хамрагдсан бөгөөд оролцогчдод чадамжийн сертификат олголоо.
- Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн онцлог, хэрэгцээ шаардлагад зориулсан математик, монгол хэлний хичээлийн дадлага ажлын дэвтрийг боловсруулан үндэсний хэмжээнд онлайн хэлбэрээр түгээж байна. Эдгээр дэвтрийг цахимаар суралцах боломжгүй хүүхдүүдэд зориулан тухайн орон нутгийн боловсролын газраас хэвлүүлэн түгээх ажлыг давхар зохион байгуулж байна. Мөн хараа, сонсгол, тулгуур эрхтний бэрхшээлтэй болон оюуны хөгжлийн ялгаатай хүүхдэд гэр бүлийн орчинд дэмжлэгийг хэрхэн үзүүлэх талаар зөвлөмж боловсруулан түгээхээр ажиллаж байна.
- Хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд зориулсан халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай постер, анимейшн хийж мэдээллийн хэрэгслээр үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүллээ.
- Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн арга хэмжээг удирдан, зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг БШУ-ны сайдын 2021 оны А/02 дугаар тушаалаар батлав. Ажлын хэсгийн хурлыг 1-р сарын 20-ны өдөр цахимаар хуралдуулж, төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.
- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Төрийн өмчит дээд боловсролын байгууллагыг өөрчлөн байгуулах тухай” 224 дүгээр тогтоолын дагуу Соёл урлагийн их сургуулийн харьяанд байсан Дүрслэх урлагийн сургуулийг “Дүрслэх урлагийн академи” дээд сургууль болгон өөрчлөн байгуулж, сургуулийн захирал, удирдах зөвлөлийг томилон ажиллалаа. БШУ-ны сайдын 01 сарын 26-ны өдрийн тушаалаар “Дүрслэх урлагийн академи” дээд сургууль нь бакалаврын 8 мэргэжлийн чиглэл/хөтөлбөр/, магистрын 15 мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.
ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
- Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтэд тусгагдсан “Монгол хэлний сургалтын хөтөлбөрт дүн шинжилгээ хийж, үзэл баримтлал боловсруулан түүнийг сургалтын хөтөлбөрт тусгана” зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээг эхлүүллээ. МУБИС, МУИС, БМДИ, Боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, Нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын хичээлийн багш нарын цахим хурлыг 01 сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Цахим хурлаар хүчин төгөлдөр мөрдөж буй монгол хэл, бичиг, уран зохиолын сургалтын хөтөлбөрт хийсэн шинжилгээний үр дүнг танилцуулж, цаашид сургалтын хөтөлбөрийг сайжруулах үзэл баримтлалд тусгах саналын талаар хэлэлцлээ.
- Монгол хэл бичгийн багш нар зориулсан “Оюун билгийн соёрхол” цахим сургалтыг зохион байгуулав. Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1000 багш БШУ-ны яам, МУИС, МУБИС, ШУА, ХЗХ-ийн эрдэмтэн багш, судлаачдын лекц, хичээлд хамрагдаж, 100 цахим хичээлийн сан бүрдүүлэв.
- Ерөнхий боловсролын сургуулийн 8-9, 10-12 дугаар ангийн суралцагчдад ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан “Ажил мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх багшийн чадамж” баримт бичиг боловсрууллаа. Тус баримт бичигт тулгуурлан ахлах ангид ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх сургуулийн удирдлага, нийгмийн ажилтан, ахлах ангид хичээл ордог багш нарыг сургах сургалтын хөтөлбөр боловсруулж, ерөнхий боловсролын нийт сургуульд хэвлэж, түгээлээ.
- Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/02 тоот тушаалаар “Шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг зохион байгуулах” ажлын төлөвлөгөөг боловсруулж, ТНБД-аар батлуулан ажиллаж байна.
- ЗГҮАХ-ийн 2.3.9.4-д туссан "Боловсролын салбарт жил бүр 100-аас доошгүй нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох" зорилтыг хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл, ажлын даалгавар боловсруулан батлуулах, зураг төслийн эскиз, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулах, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэх, хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, аймаг, орон нутгийн харьяа байгууллагуудаас авах судалгаа, шаардлагатай материалыг жагсаалтыг хэрхэн гаргах талаар мэргэжил, арга зүйн чиглэлийг өглөө.
- Боловсролын салбарын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын удирдлагын систем, цахим сургалтын платформ хөгжүүлэх туршилтын ажлын тайлангийн хурлыг 01 сарын 28-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Өнгөрсөн оны 10 дугаар сард Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургалтын удирдлагын систем, цахим платформ хөгжүүлэгч үндэсний компаниудтай нийгмийн хариуцлагын хүрээнд Санамж бичиг байгуулж, ерөнхий боловсролын 90 сургуульд 3 сарын хугацаанд туршилтыг зохион байгуулсан. Туршилтын явцад сайн дурын үндсэн сургуулиуд нэмэгдэж хамралт өргөжсөн бөгөөд нийт ерөнхий боловсролын 108 сургуулийн 13588 багш, 125717 сурагч хамрагдсан байна.
- Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг (JST, Japan Science and Technology Agency)-аас хэрэгжүүлдэг САТРЕПС (SATREPS, Science and Technology Research Partnership for Sustainaible Development) хөтөлбөрөөс санхүүжиж буй “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах нь” сэдэвт хамтарсан судалгааны төслийн танилцуулах уулзалтыг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулан зохион байгууллаа.
ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
- Монгол Улсын Засгийн газар, Оросын Гэгээрлийн яамтай хамтран Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах төлөвлөгөөг боловсруулах нөхцөл, хэлэлцээрийн төсөл төлөвлөгөө боловсруулж, санал дүгнэлт танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/04 дүгээр тушаалаар байгуулав. Энэхүү ажлын хэсгийн хүрээнд Сургуулийн газар, барилгын угсралт, санхүүгийн тооцоололтой холбоотой ажлыг хийж гүйцэтгэв.
- Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бүлгийн ачааллыг бууруулахад шаардагдах зардлын тооцооллыг боловсрууллаа. Мөн сумдын сургуулиудыг нэг ээлжид шилжүүлэхэд шаардагдах тооцоо, судалгааг хийж зардлын тооцооллыг боловсруулсан.
- Боловсрол, шинжлэх ухааны салбарт 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих салбарын 2021 оны бараа худалдан авах, эрх шилжүүлэх төлөвлөгөөг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 01 дүгээр 11-ний өдрийн А/03 дугаартай тушаалаар баталлаа.
- Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгодог зээл, буцалтгүй тусламжийн 2019-2020 оны хичээлийн жилийн үлдэгдэлд судалгаа хийж гаргасан. Боловсролын зээлийн сангаар дамжуулан дотоодын их, дээд сургуулиудад олгосон зээл тэтгэлгийг өмчлөлийн хэлбэрээр ангилан гаргахад:
- Оюутны хөгжлийн зээлд олгосон санхүүжилтийн 56%-ийг төрийн өмчийн их, дээд сургууль, 44%-ийг төрийн бус өмчийн их, дээд сургуулиуд;
- Буцалтгүй тусламжаар олгосон санхүүжилтийн 61%-ийг төрийн өмчийн их, дээд сургууль, 39%-ийг төрийн бус өмчийн их, дээд сургуулиудад тус тус олгосон байна.
ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД
- Монгол Улсад орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ойг угтан гаргах цуврал сэтгүүлийн дугааруудад гадаад түншүүдийн мэндчилгээг оруулахаар ажиллаж байна. 100 жилийн ойн мэндчилгээ ирүүлэх хүсэлтийг ажлын болон дипломат шугамаар Орос, Лаос, Вьетнам, Казахстан, Беларус улсуудын холбогдох яамдад хүргүүлсэн. (2021. 01.19-ний өдрийн 10/219 тоот) Түүнчлэн Холбооны Бүгд Найрамдах Герман улс, ЮНЕСКО, НҮБ-аас мэндчилгээ авах чиглэлээр ажиллаж байна.
- Боловсрол, шинжлэх ухааны сайд бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг шилэн дансанд оруулж холбогдох хууль, ил тод байдлын хэрэгжилтийг ханган ажилласан.
- Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийг Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох журам”-ын дагуу 12 дугаар сарын Хөрөнгө оруулалт болон барьцаа хөрөнгийн данснаас гарсан 5 сая төгрөгөөс дээш шилжүүлгийн баримтыг шилэн дансны сайтад байршуулсан.
- Төрийн худалдан авах ажиллагааны tender.gov.mn цахим системийн Ерөнхий төлөвлөгөөнд 2021 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Боловсрол, шинжлэх ухааны салбарт шинээр хийж хэрэгжих 112 төсөл, арга хэмжээний нэр хүчин чадлыг оруулсан.
- Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн шууд захирагчтай 2021 оны үр дүнгийн гэрээг байгууллаа. Гэрээний хавсралтаар Яамны 2021 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталсан бөгөөд БШУ-ны яам 2021 онд нийт 442 арга хэмжээг хэрэгжүүлэх, үүнээс тусгай арга хэмжээ 92-ийг хэрэгжүүлэхээр тусгаад байна.
- Боловсрол, шинжлэх ухааны салбарын албан хаагчдын 2020 оны Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар тус ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай байна.
- Төрийн өмчийн их сургуулийн захирлын 2020 оны үр дүнгийн гэрээг дүгнэх, үнэлэх ажлыг зохион байгуулж, нийт төрийн өмчийн 12 сургууль, 1 эмнэлгийн захирлын ажлын тайланд үнэлгээ өгч ажиллалаа.
- 2021 оны 01 дүгээр сарын 29-ны байдлаар гадны байгууллага, иргэдээс яаманд хандаж 519 хариутай бичиг, 100 шууд бичиг, 229 өргөдөл гомдол, нийт 848 бичиг ирүүлсэн байна. Үүнээс 257 хариутай албан бичиг, 98 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж хариу өгсөн байна. 223 албан бичиг, 131 өргөдөл хугацаандаа судлагдаж, 37 албан бичиг, 9 өргөдөл хугацаа хэтэрсэн байна. Яамнаас гадны байгууллага иргэдэд хандаж 1009 бүхий хуудас бүхий 393 албан бичиг явуулсан байна.
---оОо---