БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 02 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан  2021 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн “Шалгуур үзүүлэлт шинэчлэн батлах тухай“ А/35/А/10/А/9  тоот тушаалаар батлан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 02 дугаар сарын 10-ний өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” А/40 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар “Боловсрол, шинжлэх ухааны яамны авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, хоёрдугаар хавсралтаар “Боловсрол, шинжлэх ухааны яамны авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө”-г  тус тус батлан ажиллаж байна.
  • 2021 оны 10 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Боловсролын сайд нарын олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулгын төслийг холбогдох яамдад илгээж (2012.02.08-ны 1а/570), ирүүлсэн саналыг нэгтгэх, тогтоолын төсөлд тусгах ажлыг хийж байна.
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Журам батлах тухай” 2021 оны А/20 дугаар тушаалаар батлагдсан сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд хөндлөнгийн хяналт тавих орон тооны бус “Хяналтын зөвлөлийн ажиллах журам”-ыг ХЗДХЯ-нд хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдриййн 5036 дугаарт бүртгүүлэв.  

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

  • Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын танхимын сургалтыг эхлүүлэх асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төслийг сайдын 2021 оны 1а/721 дүгээр албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэв. Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар аймаг, сум, тосгон, багийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг халдвар хамгааллын дэглэм баримтлан 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр шийдвэрлэсэн Засгийн газрын 47 дугаар тогтоолыг гаргалаа.
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн А/58 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимаар зохион байгуулах түр журам”-ыг баталлаа. Энэ тушаалаар (i) хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс танхимаар зохион байгуулах, (ii) зайн сургалтаар эзэмшсэн агуулга бататгах, агуулгын хоцрогдлыг арилгах, сурах үйлийг дэмжихэд танхимын сургалтыг чиглүүлэх, сургалтын зохион байгуулалт, (iii) сургуулийн орчинд халдварын эрсдэлээс сэргийлэх, хариу арга хэмжээ болон халдвар хамгааллын дэглэм баримтлах, (iv) сургалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын хамтын ажиллагаа, оролцоо, үүрэг хариуцлага зэрэг асуудлыг тус тус нарийвчлан зохицууллаа. Сургуулийн орчинд хичээллэхтэй холбогдуулан аймгийн Боловсролын газрын дарга, мэргэжилтэнд зориулсан “Танхимын сургалт эхлүүлэх бэлтгэл хангах, анхаарах асуудал” цахим сургалтыг 2 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан. Сургалтад нийт 225 мэргэжилтэн холбогдлоо.
  • 2021 оны Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөг шинэчлэн гаргаж саналыг 2 дугаар сарын 16-ны өдрийн 1а/683 тоот албан бичгээр ЗГХЭГ-т хүргүүлсэн.
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2 дугаар сарын 26-ны өдөр Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михневийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дэлхийн банкнаас Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар санал солилцлоо.
  • Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Японы Олон Улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын суурин төлөөлөгч Тамүра Эриког 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт Япон улсын буцалтгүй тусламж, зээлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлын явц, үр дүнгийн талаар ярилцаж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх талаар санал солилцлоо. Боловсрол, шинжлэх ухааны яам өнөөдрийн байдлаар ЖАЙКА байгууллагатай хамтран таван төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Амжилттай хэрэгжиж буй төслийн тухайд “Мянган инженер” төсөл үр дүнгээ өгч, анхны 98 төгсөгчид бүгд ажлын байртай болсон. Энэхүү төсөл нь мэргэжлийн боловсрол, дээд боловсрол, их сургуулийн хамтарсан судалгааг дэмжих хөрөнгө оруулалт болж чадсан юм. Цаашид Монгол Улсад нутагшуулсан гурван коосенийг бэхжүүлэх, тоог нэмэгдүүлэх, орон нутагт ийм төрлийн сургууль байгуулах болон төслийн хэрэгжилтийн хугацааг хоёр жилээр сунгах мөн судлаачдыг нэмж сургах саналтай байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд илэрхийллээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох хүрээнд зориулалтын гал тогооны газар барих, хоол үйлдвэрлэлтийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангах хамтарсан төслийг боловсруулан ЖАЙКА байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтээ байгаагаа илэрхийлэв.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал 2 дугаар сарын  10-ны өдөр боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах Үндэсний зөвлөлийн санаачилгаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг”-ийг шалгаруулсан бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яам “2020 оны оны шилдэг дэд салбар зөвлөл”-өөр шалгарсан байна. Монгол Улсад 2-17 настай 10,785 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас 5,986 нь буюу 62.5 хувь нь боловсролд хамрагдаж байна. Мөн дээд боловсролын байгууллагад 500 орчим хөгжлийн бэрхшээлтэй оюутан суралцаж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны зүгээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг  сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролд тэгш хамран сургах, их, дээд сургуульд аль болох тэгш хамруулах бодлого баримтлан эрх зүйн олон баримт бичгүүдийг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

·БСШУС-ын сайдын 2018 оны “Журам батлах тухай” А/812 дугаар  тушаал,  2019 оны “Журам батлах тухай” А/854 дүгээр тушаалын хэрэгжилтийг ханган “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох тухай А/29 тушаалыг батлан гаргалаа. Мэргэжлийн баг, ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн 123 багшид “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг олгов.

  • Аймаг, сум, тосгон, баг дахь цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 3 дугаар сарын 1-ний өдрөөс танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд БШУ-ны яам, НҮБ-ын Хүүхдийн сан, “Wash action” ТББ хамтран “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд COVID-19 болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” цахим сургалтыг зохион байгуулж байна. Сургалтад аймаг, сумдын цэцэрлэг, сургуулийн 4436 эмч, удирдах ажилтан хамрагдаж байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан цэцэрлэг, сургуулийн орчинд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний удирдамжийг хэрэгжүүлэх, сургалтын орчныг эрсдэлгүй болгоход зайлшгүй авах арга хэмжээ, хийгдэх ажлуудыг тодорхойлох заавар, зөвлөмж, арга зүйг цахим сургалтаар өгч байна.  
  • Сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг зарим их, дээд сургуульд цэцэрлэгийн туслах багш бэлтгэх санал боловсруулах ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн А/5 дугаар тушаалаар байгууллаа. Ажлын хэсэг цэцэрлэгийн туслах багш бэлтгэх сургалт явуулах боломжтой, шаардлага хангасан сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургуулийн талаарх саналаа 2021 оны 3 дугаар сард багтаан танилцуулна.
  • Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр: 2021 оны 02 дугаар сард теле болон цахим хичээл явагдсантай холбогдуулан 25, 55, 63, 70 дугаар сургуулийн удирдлагууд, багш нар сургууль дундын байдлаар хичээлээ бэлтгэж, тусгай сургуулийн нийт сурагчдад цахим хичээлийг 2-р сарын турш амжилттай зохион байгууллаа. Нийт 32 хичээлийн сан нэмэгдсэн. Үүнд:

Хичээлийн нэр

Монгол хэл

Математик

Хэл засал

НАБ

Хөдөлгөөн засал

Эрүүл мэнд

Эмчилгээний биеийн тамир

Технолгои

Газар зүй

Дүрслэх урлаг

Хөгжим

Дүн

 

Цаг

8

5

3

3

1

2

2

3

2

2

1

32

Хичээлд оролцвол зохих тусгай сургуулиудын 3042 суралцагчаас 1880 хүүхэд, 635 багш ажиглан оролцлоо. Цахим хичээлд ухаалаг утасгүй 240, интернэт болон датагүй 279, эрүүл мэндийн шалтгаанаар 303, хөдөө орон нутгийн 109, бусад шалтгаанаар 333 суралцагч оролцоогүй байна.

·Сургуулийн өмнөх боловсролын 38 удаагийн теле хичээлийг NTV телевизээр долоо хоногийн 5 өдөр, 2 удаагийн давталттайгаар явууллаа. Теле хичээлийг эцэг эх асран хамгаалагчид хүүхдэдээ үзүүлэн гэр бүлийн орчинд хүүхдийнхээ хөгжлийг дэмжиж байгаа талаар улсын хэмжээнд тандалт судалгааг үе шаттай авахад дунджаар 77,3 хувь нь үзүүлж байгаа гэсэн дүн гарсан байна. Судалгаанд үндэслэн багш зөвлөгөө дэмжлэг үзүүлэх талаар аймаг орон нутагт зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа.

  • Шинжлэх ухаан, технологийн салбарын төрийн болон хувийн өмчийн байгууллагууд, их дээд сургуулийн дэргэдэх ШУ-ны хүрээлэнгийн  статистикийн мэдээ хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтарсан Цахим уулзалтыг 2 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уулзалтад нийт 66 байгууллагын 78 мэргэжилтэн оролцож ШУТ-ийн салбарын шинэчлэгдэн батлагдсан аргачлал, маягт, нөхөх зааврын талаар мэдээлэл солилцлоо.
  • ЮНЕСКО-оос Боловсролын салбар дахь МХХТ-ийн бодлогын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсэн ажлын урьдчилсан тайланг ирүүллээ. Уг тайлантай танилцах хурлыг 2 дугаар сарын 25-ны өдөр цахимаар зохион байгуулсан бөгөөд тайлангийн хуралд ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар болон Монгол дахь газрын мэргэжилтэн, судлаач нар, БШУЯ-ны төлөөлөл оролцлоо. Тайлангийн судалгааны үр дүнд Боловсролын салбарын мэдээллийн технологийн дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулж батлуулах, хэрэгжилтэд хамтран ажиллах талаар дүгнэлтэд хүрсэн. 
  • Цахим сургалтын үндсэн хэрэглэгдэхүүн болох цахим контентыг багш нараар гүйцэтгүүлэн хүлээн авах ажлын бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэж байна. Урьдчилсан байдлаар ЕБС-15000, СӨБ-1000 контент хүлээн авах тооцоолол хийгээд байна.
  • Шинэчлэн батлагдсан статистикийн маягтын дагуу Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын 2020 оны захиргааны статистик мэдээг цахимаар авах ажлыг зохион байгууллаа. openscience.mn портал дээр статистикийн модулыг боловсруулж ашиглалтад орууллаа.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  • Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн зорилтод туссан “Чадварлаг багш” арга хэмжээний хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулж тус  хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гаргууллаа. БШУ-ны сайд “Хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөө, хөтөлбөр батлуулах тухай” А/14 тушаалыг батлан аймаг, нийслэлд хүргэн ажиллаж байна. Энэхүү хөтөлбөрийг орон нутагт танилцуулах ажлыг зохион байгуулж, аймаг бүрд орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдуулан Чадварлаг багш хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.   
  • Олон улсын эх хэлний өдрөөр гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн хүүхдэд үндэсний хэл, соёл, түүхийн сургалт явуулдаг 3 тивийн 19 орны 61 сургалтын байгууллагын багш нар, эцэг эхийн төлөөлөл, 70 гаруй хүнд эх хэлний сургалтын өнөөгийн байдлын талаар мэдээлэл өгч хэлэлцүүлгийг цахимаар зохион байгууллаа.
  • Улсын хэмжээнд 2021-2022 онд сургуульд элсэн суралцах 79,9 мянган хүүхэд байгаагийн 90,2 хувийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулж байна. Сургуульд элсэн суралцах 5 настай хүүхдийн бэлтгэлийг хангах, сургалтын чанарыг сайжруулах, бүрэн хамруулах асуудлаар аймаг, нийслэлийн боловсролын газруудад зөвлөмж чиглэлийг хүргүүлэн ажиллаж байна. Сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг 2021-202 оны хичээлийн жилээс эхлэн хийхтэй холбогдуулан үнэлгээний даалгаврын сан бүрүүлэх, даалгаврын сангийн программ хөгжүүлэлтийн ажлыг Боловсролын үнэлгээний төвийн захирлын  2021 оны А/07 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг гүйцэтгэж, ажлын хэсгийг удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
  • БШУ-ны яам болон салбарын 2020 оны Хувийн ашиг сонирхлын Хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах хуулийн хугацаанд яамны харьяа 7, шинжлэх ухааны 4,  12 их сургууль нийт 634 мэдүүлэг гаргагчийн мэдүүлгийг хуулийн хугацаанд бүрэн гаргуулж, тайланг 02 дугаар сарын 26-ний өдрийн 2/833  тоот албан бичгээр Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн.
  • БШУ-ны яамнаас “2020 онд гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах дэд зөвлөлийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний биелэлтийг Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанд 02 дугаар сарын 18-ний өдрийн 16/691 тоот албан бичгээр хүргүүлсэн.
  • Засгийн газрын “100 хоног”-ийн хугацаанд боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг сайдын 2 дугаар сарын 25-ны өдрийн А/64 дүгээр тушаалаар батлан төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг тогтоосон хугацаанд, бүрэн чанартай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  • Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгодог дотоодын их, дээд сургуульд буцалтгүй тусламжаар суралцагчийн сургалтын төлбөрийн зардалд олгох 6.0 тэрбум төгрөг, дэлхийн шилдэг дээд боловсролын байгууллагад бакалаврын хөтөлбөрт суралцагчдын сургалтын төлбөрийн зардалд олгох 4.8 төгрөг, Хоёр Улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу суралцагчдын тэтгэлгийн 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрх нээгдэж, гүйлгээг хийсэн.
  • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын хүний нөөц, цалингийн сан, орон тооны талаарх нэгдсэн судалгааг улсын хэмжээнд зохион байгуулж, нэгж байгууллагын санхүүгийн ажилтан болон аймаг, нийслэл, дүүргийн төсвийн мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, цахим системийн хэвийн үйл ажиллагааг хянан зохион байгуулж ажиллалаа. Тус судалгаанд Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн багцаас цалингийн сан тооцох сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын бүх байгууллага хамрагдсан. Үүнд нийт 1650 төрийн болон орон нутгийн өмчийн байгууллага болон 713 төрийн бус өмчийн байгууллага буюу цэцэрлэг, сургууль хамрагдсан.
  • Төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль, дээд боловсролын сургалтын байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэл, эрчим хүчний хөнгөлөлтийн судалгааг гаргаж, суралцагчийн тоо, сургалтын төлбөр, 2021 оны батлагдсан хувьсах зардалтай харьцуулсан тооцоолол хийсэн. Энэ дагуу төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт, төсвөөс олгох хувьсах зардлын санхүүжилтийг судлах, дээд боловсролын салбарын сургалтын байгууллагын сургалтын болон дотуур байрны төлбөрт хөнгөлөлт үзүүлэх дараагийн төлбөрт шилжүүлэх журмын хэрэгжилтийг судлах ажлын хэсгийг БШУ-ны сайдын 02 дугаар сарын 25-ны өдрийн А/63 тоот тушаалаар байгуулан ажиллаж байна.
  • Их, дээд сургуулиудын статистикийн мэдээ болон Дээд боловсролын удирдлагын мэдээллийн санг хариуцсан мэргэжилтнүүдтэй 02 дугаар сарын 25-ны өдөр Цахим уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад нийт 88 их, дээд сургууль, коллежийн 173 мэргэжилтэн оролцож, сонирхсон асуултаа асууж, мэдээлэл солилцов.

Уулзалтаас гарсан үр дүн:

  • 2020-2021 оны өвлийн элсэлт, төгсөлтийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, суралцагчийг системд бүрэн оруулах чиглэлээр хамтран ажиллах
  • 2021 оны 02 сарын 20-нд ирүүлэх Дээд боловсролын сургалтын байгууллагын төсвийн зардлын гүйцэтгэлийн мэдээ, шинэ элсэгч, төгсөгч, голч дүнгийн мэдээг гаргахад анхаарах асуудлуудын талаар нэгдсэн ойлголтод хүрсэн.
  • ДБУМС-ийн модуль тус бүрээр сэдэвчилсэн сургалтыг зохион байгуулах, нарийвчилсан төлөвлөгөөг гаргах, сургуулиуд саналаа ирүүлэн хамтран ажиллах
  • “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу 2021 онд үргэлжлэн хэрэгжиж буй шинжлэх ухаан, технологийн төслийн хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд хяналт тавих, үнэлгээ өгч дүгнэлт гаргах зорилгоор төслүүдийн гүйцэтгэл, тайлангийн онлайн хэлэлцүүлгийг 02 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд зохион байгууллаа. Коронавируст халдвар цар тахал үүссэнтэй холбогдуулан  гадаад, дотоод томилолт, сургалт семинар, гадаадтай хамтарсан үйл ажиллагааны санхүүжилтэд хяналт тавих,  зарим ажлуудын санхүүжилтийг байгууллагын дотоод нөөц бололцоо, хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхээр боллоо. Үүнд:
    1. 2018 оноос эхлэн хэрэгжиж буй 18, 2019 оноос эхлэн хэрэгжиж буй 36,  нийт 54 ШУТ төслийг хэлэлцлээ.
    2. 2018 оноос эхлэн хэрэгжиж буй 25, 2019 оноос эхлэн хэрэгжиж буй 38 буюу нийт 63 гадаадтай хамтарсан төсөл хэрэгжиж байгаагаас 2021 оны 02 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд нэгдсэн цахим мониторинг хийж, төслийн үр дүн болон гүйцэтгэлийн хувиас хамааран 11 төслийг хааж, 52 төслийг үргэлжлүүлэн санхүүжүүлэхээр дүгнэлт гаргалаа. /Хэлэлцүүлгийн дүнд 282 сая төгрөгийн хэмнэсэн/
    3. Суурь судалгааны 116 төслийн явц, үр дүнтэй танилцлаа. 2020 онд 1,921.3 сая төгрөгийн  санхүүжилт олгохоор төсөвлөснийг 20 орчим хувиар танаж, үлдэгдэл санхүүжилт 1,675.9 сая төгрөгийн санхүүжилтийн тооцоог тус  тус гаргалаа.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

  • Засгийн газрын хуралдаанаас аймаг, сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм баримтлан 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс танхимаар оруулах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан аймгийн боловсрол, соёл, урлагийн газрын дарга, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулж, сургалтад “Хүүхдийн нийгэм, сэтгэл зүйн асуудал, эрсдэлийг илрүүлэх судалгааны тайлан, стресс, түүний шалтгаан шинж тэмдэг, стрессийг буруулах арга зам” сэдвээр ШУТИС-ийн багш нартай хамтран сургалт зохион байгуулсан.
  • Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн хэв журмыг сахиулахад дэмжлэг үзүүлж буй үйл ажиллагаанд  БШУ-ны яамны 22-50 насны эрэгтэйчүүд 2 дугаар сарын 10-22-ны өдрүүдэд 08:00-22:00 цагийн хооронд УОК-с өгсөн заавар зөвлөмж, хуваарийн дагуу 2 ээлжээр ажиллалаа.
  • Бичиг хэргийн эргэлтийн мэдээ: 2021 оны 02 дугаар сарын 26-ны байдлаар гадны байгууллага, иргэдээс яаманд хандаж 1044 хариутай бичиг, 226 шууд бичиг, 435 өргөдөл гомдол, нийт 1705 бичиг ирүүлсэн байна. 820 хариутай албан бичиг, 368 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт өргөдөл, гомдлын 84,5%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Яамнаас гадны байгууллага иргэдэд хандаж 1868 хуудас бүхий 826 албан бичиг явуулсан байна. 
  • Яаманд ирсэн албан бичиг, өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэн, хариуцсан албан хаагчдад хүргэж өгөх, 262227 утсаар хандсан гадны иргэдэд мэдээлэл өгөх, яамнаас гадны байгууллага, иргэдэд явуулж байгаа албан бичгийг хянах, эйбл программын хэвийн үйл ажиллагааг хангах, албан хаагчдад албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээлэл, зөвлөмжийг өгөх зэрэг ажлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна. 

 

---oOo---