БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 03 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР           

  • Улсын Онцгой комиссын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 9 дүгээр хурлын тэмдэглэлд дурдсан шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайд 3 дугаар сарын 26-ны өдрийн А/120 дугаар тушаалыг баталлаа. Энэхүү тушаалаар (i) нийслэлийн онцгой комиссын зөвшөөрлийн үндсэн дээр ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх сургалтыг сургуулийн орчинд халдвар хамгааллын дэглэм баримтлан танхимаар үе шаттай эхлүүлэхийг асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх, (ii) коронавируст халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан орон нутгийн онцгой комиссын шийдвэрт үндэслэн танхимын болон зайн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх боломжийг аймгийн Засаг дарга нарт тус тус олголоо.
  • БШУ-ны сайдын “Ажлын хэсэг байгуулах, зардал батлах тухай” 2021 оны А/90 дүгээр тушаалаар “Суралцагчдын сурлагын хоцрогдлыг бууруулах, арилгах цогц төлөвлөгөө” боловсруулах ажлын хэсэг болон гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлан ажиллаж байна. “Суралцагчдын сурлагын хоцрогдлыг бууруулах, арилгах цогц төлөвлөгөө” боловсруулах ажлын хэсэгтэй гэрээ байгууллаа.
  • Боловсролын салбар дахь мэдээлэл харилцаа, холбооны технологийн дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийг БШУ-ны сайдын 3 дугаар сарын 15-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар байгууллаа. Тус ажлын хэсгээс Боловсролын салбар дахь мэдээлэл харилцаа, холбооны технологийн дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах, “Ази номхон далайн бүс нутагт цахим иргэний боловсролыг дэмжих үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн 2 дахь үе шатыг Монгол улсад хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, тайлагнах юм.
  • БШУ-ны сайдын 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” А/92 дугаар тушаалаар “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм”-ийг шинэчлэн баталлаа. Захиргааны ерөнхий хуульд заасан хянан, бүртгэх үйл ажиллагааны дагуу шинэчлэн батлагдсан дээрх дүрмийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байна.
  • БШУ-ны сайдын 03 дугаар сарын 26-ний өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/122 дугаар тушаалаар Монгол улсын Боловсролын их сургуулийн удирдах зөвлөлийг шинэчлэн баталлаа.
  • БШУ-ны сайдын 03 дугаар сарын 21-ний өдрийн “Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” А/131 дүгээр тушаалаар Ховд их сургуулийн удирдах зөвлөлийг шинэчлэн баталлаа.
  • БШУ-ны сайдын 03 сарын 18-ны өдрийн “Хөтөлбөр батлах тухай” А/88 дугаар тушаалаар Боловсрол нөхөн олгох сургалтын хөтөлбөрийг баталлаа. Тус сургалтын хөтөлбөрийг 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх юм.    

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

  • Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга болон түүнийг дагалдан гарах хуулиудын төслүүдийг сайжруулах, хэлэлцүүлэх ажлын хүрээнд: а.Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон дагалдан гарах хуулийн төсөлд шинжилгээ хийх ажлыг зохион байгуулах Боловсрол, шинжлэх ухааны сайд А/87 дугаар тушаалыг батлан гаргалаа. Тушаалын дагуу Хуулийн төсөлд шинжилгээ хийх ажлын даалгаврыг боловсруулж зөвлөхүүдтэй хийх 4 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. б.03 дугаар сарын 27-нд Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын Байнгын хороодын дарга нартай БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дээрх хуулийг хэлэлцүүлэх уулзалтыг зохион байгуулав.
  • БШУ-ны сайд 03 дугаар сарын 10-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай“ А/74 дүгээр тушаалыг баталлаа. Тушаалаар БШУЯ-ны харьяа төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагч нартай 2021 оны үр дүнгийн гэрээ байгуулах, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлах, гэрээний биелэлтийг хагас бүтэн жилээр дүгнэх эрхийг ТНБ-ийн даргад шилжүүллээ.  
  • БШУ-ны сайд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулдаг тусгай цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нартай 03 дугаар сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр уулзалт хийлээ. Уулзалтад нийт 300 орчим хүн, БШУЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо. Оролцогчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлыг Боловсролын тухай хуулийн төсөлд хэрхэн тусгах талаар болон сургалтын орчин, нөхцөлийг сайжруулах чиглэлээр саналуудыг хэллээ.
  • Аймгуудын Биеийн тамир спортын хороо, Боловсрол, соёл, урлагийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн нарыг чадавхжуулах цахим сургалтыг Боловсролын хүрээлэн, Биеийн тамир спортын улсын хороотой хамтран 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд хамтран зохион байгууллаа. Сургалтад 100 гаруй оролцогч хамрагдсан байна.
  • БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын ахалсан бүрэлдэхүүнтэй "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг  хангах орон тооны бус дэд зөвлөл"-ийн хурлыг 03 дугаар сарын 29-ний өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Хурлаар Дэд зөвлөлийн 2020 оны ажлын тайланг дүгнэж, 2021 онд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.
  • НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс /UNDP/ хэрэгжүүлж буй “Rolling out an integrated aproach to SDG fnancing in Mongolia” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд Public finance expert to conduct science sector expenditure review шинжлэх ухааны салбарт төсвийн шинжилгээ хийх зөвлөх үйлчилгээний ажлын удирдамжийг хамтран боловсрууллаа. Удирдамжийн дагуу 4-р сард зөвлөх үйлчилгээг зарлан хэрэгжүүлнэ.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

  • «Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армен Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр»-ийн төслийг Засгийн газрын 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Хуралдаанаар хэлэлцээрийн төсөл дэмжигдсэн бөгөөд хэлэлцээр байгуулснаар Монгол, Арменийн оюутан солилцоо болон шинжлэх, ухаан, технологийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжих боломжтой болно.
  • Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад мэргэжилтэн, багш нарын нэгдсэн судалгааг гаргаж Коронавирусийн эсрэг вакцинжуулалтад 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хамруулж эхэллээ.
  • Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг 03 сарын 19-ний өдөр байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан, Миссуригийн их сургуулийн ректор Женнифер Лундгрен нар гарын үсэг зурав. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монголын хүүхэд, залуус Канзас хотын Миссуригийн их сургуулийн бизнесийн сургуулийн бакалавр, магистрын сургалтыг дотоодын оюутны зардлаар, инженер, шинжлэх ухааны сургуульд 8500 ам. долларын хөнгөлөлттэйгээр суралцах боломж бүрдэж байна.
  • Боловсрол, Шинжлэх Ухааны яам, АНУ-ын Жорж Мейсоны их сургууль хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэ хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС, Жорж Мейсоны их сургуулиуд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
  • “Чадварлаг багш” хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд Английн Засгийн газрын дэмжлэгтэйгээр дэлхийн түвшний багш бэлтгэх 1000 багшийн сургалтыг 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Сургалтад төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 669 захирал, 310 сургалтын менежер, Боловсрол, соёл урлагийн газрын 35 мэргэжилтэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 50 арга зүйч нар хамрагдлаа. Сургалтаар шилдэг менежер болоход шаардагдах ур чадваруудын талаар мэдлэг ойлголттой болж, дэлхийн чанартай сургалтын контенттай танилцаж туршлага судлах юм.
  • БШУЯ нь Онцгой Байдлын Ерөнхий Газар, Гамшиг судлалын хүрээлэн, НҮБ-ын Хүүхдийн Сан, ШУА-ийн, Одон орон, геофизикийн хүрээлэн, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагатай хамтран 03 дугаар сарын 23-нд “Гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний арга зүй” сэдвээр сургагч багш бэлтгэх сургалт, 03 дугаар сарын 24-ний өдөр “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт шинжлэх ухаан, танин мэдэхүйн цахим сургалтуудыг тус тус зохион байгууллаа. Тус сургалт нь мэргэжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр ЕБС болон цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, гамшгийн менежментийн чиглэлээр боловсролын байгууллагын ажилтнуудын чадавхыг сайжруулах, сургагч багш нарыг бэлтгэн тэднээр дамжуулан аюул, эрсдэлгүй сургууль, цэцэрлэгийн орчныг бий болгоход чиглэсэн боловсролын салбарын бодлого, стандартуудын хэрэгжилтийг дэмжих зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд нийт аймаг, сумдын цэцэрлэг, сургуулийн 6000 гаруй захирал эрхлэгч, нийгмийн ажилтан, арга зүйч нар оролцлоо.
  • Аймаг, сум, тосгон багийн цэцэрлэгийн танхимын сургалт, үйл ажиллагааг 03 дугаар сарын 01-ны өдөр эхлүүлж, сургалт, үйл ажиллагааны ирц, явцын мэдээг авч, ажиллаж байна. 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 21 аймгийн  592 цэцэрлэгийн сургалт үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд “КОВИД-19”-ийн халдвар бүртгэгдсэн 9 аймагт хөл хорио тогтоосноос 161 цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг түр зогсоосон байна.
  • Япон улсын Жайка олон улсын байгууллагын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн II шатны “Хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд тэгш хамруулах үйлчилгээний загварыг туршин хэрэгжүүлэх” төслийг нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэг, Төв аймгийн Зуунмод сумын Унагалдайн андууд цэцэрлэгт туршин хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх багийг чадавхжуулах сургалтууд хийгдэж байна. Үүнд: -“Ердийн ангид Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хэрхэн тэгш хамруулж, сургаж хөгжүүлэх сайн туршлага” /нийслэлийн 186-р цэцэрлэг/, -“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүрэн дүүрэн оролцох боломжтой бүлгийн үйл ажиллагаа” /Япон улсын туршлага Такахаши/, -Сургуулийн өмнөх боловсролын ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийн загвар боловсруулах /ажлын хэсэг/
  • Засгийн газрын 03 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу (i) нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдыг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх сургалтыг сургуулийн орчинд танхимаар зохион байгуулах, (ii) хөдөө орон нутгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтныг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлэх санал, шийдвэрийн төслийг тус тус боловсруулж, Улсын Онцгой комиссын хурлаар хэлэлцүүлэхээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1а/1301 албан бичгээр Монгол Улсын Шадар сайдад хүргүүлсэн. Дээр дурдсан асуудлыг Улсын Онцгой комиссын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит 9 дүгээр хурлаар хэлэлцэж, тэмдэглэл гарсан.
  • Аймаг, сум, тосгон, баг дахь цэцэрлэг, сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг 03 дугаар сарын 1-ний өдрөөс танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан, “Wash action” ТББ хамтран “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд COVID-19 болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” цахим сургалтыг 02 дугаар сарын 26-аас 03 дугаар сарын 07-ний өдрийг дуустал зохион байгууллаа. Тус сургалтад нийт 21 аймаг, 9 дүүргийн цэцэрлэг, сургуулийн 5549 гаруй оролцогч (эрхлэгч, захирал, эмч, дотоод хяналтын асуудал хариуцсан ажилтан) хамрагдсан.
  • КОВИД-19 цар тахлын үед зайн сургалтад хамрагдаж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгаанд үндэслэн гэр бүлийн орчинд хийж бүтээх үйлийг дэмжих зорилгоор дүрслэх урлаг, технологийн ном, зурж бүтээх хэрэгсэл /усан будаг, харандаан будаг, бийр, баримлын шавар, өнгийн цаас/ бүхий 2000 багц материалыг Японы хүүхдийг ивээх сангийн "Тэгш хамруулах зарчмыг дэмжих нь" төслийн дэмжлэгтэйгээр бэлтгэн аймаг, нийслэлийн боловсролын газраар дамжуулан түгээж эхэллээ.
  • БШУ-ны сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй ажлын хэсэг Эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Ажлын хэсэг 03 дугаар сарын 12-нд ХААИС-ийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын хүрээлэн, 03 дугаар сарын 16-нд Мал аж ахуйн хүрээлэн, 03 дугаар сарын 19-ний өдөр Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай хөтөлбөрийн дагуу тус тус танилцсан. 
  • БШУЯ, EBSCO болон МНСКонсорциумын хамтын ажиллагааны хүрээнд хамтран ажилладаг их, дээд сургуулиудад зориулан  EBSCO-ийн шинжлэх ухааны бүхий л салбарын 210,000 орчим дижитал ном бүхий мэдээллийн санг үнэ төлбөргүйгээр ашиглах эрхийг 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нээлээ. Одоогоор МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, МГТИС, СУИС зэрэг сургуулиуд дижитал ном бүхий мэдээллийн сангаа олон нийтэд нээлттэй болгоод байна.
  • Монгол судлалын үндэсний зөвлөл 03 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж 2020 оны Монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны  ажлын тайланг хэлэлцэж санал солилцлоо. Мөн хурлаар  Монгол судлалын үндэсний зөвлөлийн 03 дугаар сарын 23-ны өдрийн “Төлөвлөгөө батлах тухай” 01 тоот тогтоолыг батлан гаргалаа. Төлөвлөгөөнд Монголын судлалын цар хүрээг өргөжүүлэх, Монгол судлалын бааз суурийг бэхжүүлэх, Монгол судлалыг сурталчлах, Монгол судлалын үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих чиглэлийн 11 арга хэмжээнд 346 сая төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  • Монгол, Оросын хамтарсан сургууль байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна. БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр ОХУ-ын Гэгээрлийн сайдын нэгдүгээр орлогч Д.Е. Глушкотой 03 дугаар сарын 2-ны өдөр цахим уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар Сонгинохайрхан дүүргийн 4 хороонд баригдаж буй 85 хувийн явцтай, 2021 оны 7 дугаар сард ашиглалтад орох 640 хүүхдийн суудалтай сургуулийг Монгол, Оросын хамтарсан сургууль болгох саналыг гаргасан. Сургуулийн хэлбэр, сургалтын хувьд ОХУ-ын сургалтын хөтөлбөрөөр хичээллэх, үүнд нэмээд монгол хэл, бичиг, уран зохиол, түүхийн 4 хичээлийг заавал оруулах, сургуулийн захирлыг Оросын талаас, дэд захирлыг Монголын талаас томилох зэрэг саналыг дэвшүүллээ.  
  • “Ухаалан засаг” төслийн хүрээнд хэрэгжих “Инновацийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Инновацийн дэд төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ЗГХЭГ-ын дэд даргын тушаалаар байгууллаа. Төслийн сонгон шалгаруулалтыг зарлаад байна.
  • “Шинжлэх ухааны санхүүжилтийн тогтолцоог сайжруулах, шинжлэх ухаан, технологийн сангийн чиг үүргийг шинэчлэх хувилбар боловсруулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан гүйцэтгэж байна. Тайлангийн явцын хэлэлцүүлгийг 03 дугаар сарын 26-ны өдөр ШУТ-ийн сан дээр зохион байгуулж хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг тайланд тусган ажиллахаар болсон. 03 дугаар сарын 30-ны өдөр тайлангийн үр дүнг яамны удирдлагад танилцуулан ажиллалаа.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  • Жайкагийн буцалтгүй тусламжаар нийлүүлсэн 2089 ширхэг халдваргүйтгэлийн тоног төхөөрөмж, 20.000 литр ариутгалын бодисыг нийт 662 ерөнхий боловсролын сургууль, 522 дотуур байр, 905 цэцэрлэгт хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан.
  • “Ковид-19” халдвар гарсан зарим аймаг, нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны ариутгалд зориулан Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэх 512.3 сая төгрөгийн зардлын хуваарийг БШУ-ны сайд 03 дугаар сарын 15-ны өдрийн А/81 тоот тушаалаар баталлаа.  
  • Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй суралцагчдад олгохоор 2021 оны улсын төсөвт батлагдсан 6.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож дууссан бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд дахин санхүүжилт байхгүй тул тэтгэлгээр суралцагчдыг сургуульдаа суралцах боломжоор хангах тухай чиглэлийг 03 дугаар сарын 06-ны өдрийн 1а/1225 тоот албан бичгээр их, дээд сургуулиудад хүргүүлсэн.
  • Худалдан авах ажиллагааны Үнэлгээний хороонд 2020 онд ажилласан Төрийн бус байгууллагын төлөөлөл 20 хүнд холбогдох урамшуулал болох 3,129,992.0 төгрөг олгосон.
  • БШУ-ны сайдын 2021 оны А/108 дугаар тушаалаар улсын захиалгат болон гадаадын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх төслийн 2021 оны санхүүжилтийг батлаж, хэрэгжих хугацааг сунгасан.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

  • Сурах бичиг судлалын хэрэглэгдэхүүний санг Монгол Улсын Боловсролын хүрээлэнд байгуулахтай холбогдуулан Вьетнам, Япон, Солонгос, Сингапур, Хятад, Малайз, Энэтхэг, Финлянд, Герман, Франц, Канад, Австрали, Польш, Шинэ Зеланд, ОХУ, АНУ, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Шведийн Вант Улс, Данийн Вант Улс зэрэг 19 улсын ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх хичээлийн сурах бичгийг авах чиглэлээр ажиллаж байна. Уг асуудлаар дэмжлэг хүссэн албан тоотыг ГХЯ-нд хүргүүлж, гадаад дахь Элчин сайдын яамдуудтай холбогдож байна. Одоогийн байдлаар ОХУ-аас сурах бичгийг хүлээн авсан бол Францаас сурах бичгийн жагсаалт, үнийн каталог ирүүлсэн байна.
  • Боловсролын салбарын багш, ажилтнуудын вакцинжуулах ажлын хүрээнд хүүхэд харах төвийн хүүхэд харагч, өдөр өнжүүлэх төвийн багш болон Монгол Улсад ажиллаж буй гадаад багш нар нийт 1590 албан хаагчийг вакцинд хамруулах судалгааг гаргаж, яамны Төрийн нарийн бичгийн даргын 03 дугаар сарын 15-ны өдрийн 2/1182 албан бичгээр Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн.
  • 03 дугаар сарын 29-ний байдлаар орон нутгийн хичээл сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар мэдээлэл авч нэгтгэлээ. Нийт судалгаанд хамрагдсан 335 сум, тосгоны 147 нь хатуу хөл хорионы дэглэм тогтоосон байна.  Онцгой байдлын үед ашиглаж байгаа сургууль, дотуур байрны хувьд PCR шинжилгээний цэг 2, тусгаарлах байрны чиглэлээр ашиглаж байгаа 71 байр байгаа бөгөөд  нийт 31 байрыг эмнэлгийн ор дэлгэхээр бэлтгэх тухай Аймгуудын онцгой комиссоос чиглэл ирүүлсэн байна.
  • НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас Шинжлэх ухаан, технологийн бодлогын Азийн сүлжээний бүтцэд өөрчлөлт оруулж, Ази, Номхон далайн бүс нутгийн удирдлагын механизмыг бий болгож байгаатай холбогдуулан сүлжээний шинэчлэлийн бүрэлдэхүүнд ажиллах Монгол Улсын Үндэсний зохицуулагчаар ШУГ-ын мэргэжилтэн Л.Мөнхтуяа БШУ-ны сайдын 03 дугаар сарын 12-ны өдрийн 1а/1145 тоот албан бичгээр томилогдож, ЮНЕСКО-гийн Жакарта дахь оффиссоос зохион байгуулсан бүсийн цахим хуралд оролцож, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын танилцуулга илтгэлийг тавьлаа.
  • 2021 оны 04 дүгээр сарын 02-ны байдлаар гадны байгууллага, иргэдээс яаманд хандаж 1931 хариутай бичиг, 456 шууд бичиг, 795 өргөдөл гомдол, нийт 3182 бичиг ирүүлсэн байна. 1657 хариутай албан бичиг, 685 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт өргөдөл, гомдлын 86,1%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Мөн 252 албан бичиг, 96 өргөдөл хугацаандаа судлагдаж, 11 албан бичиг, 10 өргөдөл хугацаа хэтэрсэн байна. Яамнаас гадны байгууллага иргэдэд хандаж 3841 хуудас бүхий 1666 албан бичиг явуулсан байна.

 

---oOo---